Австралийн хөгжмийн салбарын нөлөө бүхий менежер, сурталчилгааны ажилтан Ральф Карр хүчингийн хэрэгт буруутай болох нь шүүхийн шийдвэрээр ил боллоо. Тэрээр Кейт Себерано, Тина Арена зэрэг алдартай дуучдын карьерийг удирдаж байсан нэгэн юм.
Виктория мужийн шүүхээс түүний нэрийг нууцлах шийдвэрийг цуцалснаар энэхүү мэдээлэл олон нийтэд ил болжээ. Прокурорын зүгээр түүнийг 2023 оны гуравдугаар сард Мельбурн хот дахь гэртээ нэгэн эмэгтэйг хүчиндсэн хэмээн буруутгасан байна. Тухайн үед тэд хамтдаа согтууруулах ундаа болон хар тамхи хэрэглэсэн байсан гэж үзжээ. Шүүх хуралдааны явцад Ральф Карр өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдүүлсэн боловч тангарагтны шүүх түүнийг хүчиндэх болон бэлгийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт буруутай гэж үзсэн байна.
Каррын өмгөөлөгч Дермот Данн давж заалдахаа мэдэгдэж, шүүхийн шийдвэр үндэслэлгүй хэмээн мэдэгджээ. Одоогоор түүнд оногдуулах ялын хэмжээ тодорхой болоогүй байна. Түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил болгохгүй байхыг өмгөөлөгчид нь хүсэж байсан бөгөөд үүнийг түүний аюулгүй байдалтай холбон тайлбарлаж байжээ.
Энэхүү хэрэг ил болсны дараа Австралийн хөлбөмбөгийн од Дастин Мартин түүнтэй хамтран ажиллахаа нэн даруй зогсоосон байна. Мартин мэдэгдэлдээ, "Шүүхийн шийдвэрийг сонсоод маш их цочирдлоо. Түүний үйлдсэн хэргийн талаар надад ямар ч мэдээлэл байгаагүй" хэмээн дурджээ.