Австралийн хөгжмийн салбарт нөлөө бүхий, зохиолч, нэвтрүүлэгч, хөгжмийн түүхч Гленн А.Бэйкер 74 насандаа таалал төгсжээ. Тэрээр олон жилийн турш Billboard сэтгүүлийн Австрали дахь сурвалжлагчаар ажилласан юм.
Түүний гэр бүлийнхний мэдэгдэлд дурдсанаар, Гленн А.Бэйкер нь хөгжим, аялал, хоол хүнс болон гэр бүлдээ маш их хайртай, эрч хүчтэй нэгэн байжээ. Тэрээр 1952 онд Сидней хотод төрсөн бөгөөд 15 настайгаасаа гэр бүлээ тэжээхийн тулд сургуулиа орхиж, телевизээр The Beatles хамтлагийг харсан нь түүнийг хөгжмийн ертөнцөд хөтөлсөн гэдэг.
Бэйкер 1970-аад оны дунд үеэс радиогийн салбарт ажиллаж эхэлсэн бөгөөд Австралийн өргөн нэвтрүүлгийн корпорацын залуучуудын сүлжээ болох triple j-ийн үндэс суурийг тавилцсан байна. Тэрээр Ol’55 хамтлагийн менежерээр ажиллаж, 1979 онд Raven Records дуу бичлэгийн студийг хамтран байгуулжээ. Түүнчлэн BBC-ийн “Дэлхийн рок ухаантан” (Rock Brain of the Universe) шалгаруулалтад гурван удаа түрүүлж, хоёр удаа “Австралийн оны шилдэг аялалын зохиолч”-оор шалгарч байв.
Тэрээр 17 ном бичиж, 600 гаруй цомгийн тайлбар бичвэрийг туурвисан нь түүний хөгжмийн салбар дахь өргөн мэдлэгийг илтгэдэг. 2024 онд тэрээр өөрийн цуглуулсан 80,000 гаруй эд зүйлсийг, тэр дундаа 50,000 гаруй пянзыг дуудлага худалдаагаар худалдсан байна.
Түүний хүү Орсоны ярьснаар, Бэйкер хэсэг хугацаанд өвдөж, биеийн байдал нь муудсаар байсан бөгөөд цус харвалтын улмаас таалал төгсжээ. Түүнийг нас барсанд ICEHOUSE хамтлагийн ахлагч Ива Дэвис, Cold Chisel хамтлагийн дуучин Жимми Барнс болон ARIA-гийн алдрын танхимын гишүүн Марсиа Хайнс нар гүн эмгэнэл илэрхийлсэн байна.