Австралийн рок хөгжмийн ертөнцийн томоохон төлөөлөл болох Icehouse хамтлаг өөрсдийн нэрийн хуудас болсон Man of Colours цомгийнхоо 40 жилийн ойг тохиолдуулан 2027 онд Австрали даяар аялан тоглолт хийхээр төлөвлөжээ. Энэ нь тус хамтлагийн хувьд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд битүү цэнгэлдэх, танхимд хийж буй анхны бие даасан томоохон аялан тоглолт болох юм.

Ива Дэвисийн ахалдаг тус хамтлаг 2027 оны зургаа болон долдугаар сарын турш 1987 оны алдарт цомгоо бүрэн эхээр нь буюу өмнө нь тайзнаа амьдаар дуулж байгаагүй дуунуудын хамт толилуулахаар зэхэж байна. Мөн түүнчлэн өнгөрсөн хугацааны шилдэг хит бүтээлүүдээсээ ч хүргэх ажээ. Хамтлагийн ахлагч Дэвис "Бид энэ цомгийн зарим дууг өмнө нь огт тоглож байгаагүй тул энэ удаагийн аялал фэнүүдийн хувьд төдийгүй бидний хувьд ч цоо шинэ эхлэлүүдийг агуулна" хэмээн онцолсон байна. Тэрээр сүүлийн 15 жилийн хугацаанд задгай талбайд голчлон тоглож байсан бол битүү танхимд тоглосноор илүү олон дуу хүргэж, илүү том шоу бүтээх боломж бүрдэнэ гэж дурджээ.

Нийт зургаан хотоор үргэлжлэх тус аялан тоглолт 2027 оны зургаадугаар сарын 5-нд Ньюкасл хотоос эхэлж, улмаар Брисбен, Сидней, Мельбурн, Аделаида болон долдугаар сарын 10-нд Перт хотод өндөрлөнө. Тоглолтод "Great Southern Land", "Hey Little Girl", "We Can Get Together", "Love in Motion" зэрэг хамтлагийн алдартай дуунууд багтах юм.

1987 оны есдүгээр сард гарсан Man of Colours цомог нь тус хамтлагийн амжилтын оргил үе байсан билээ. Тус цомог нь Австралийн хөгжмийн жагсаалтыг 11 долоо хоногийн турш тэргүүлж, нийт нэг сая гаруй хувь борлуулагдан, 1988 онд ARIA Awards-аас "Оны шилдэг цомог" болон "Хамгийн өндөр борлуулалттай цомог" шагналуудыг хүртэж байжээ. Мөн уг цомгийн "Electric Blue" дуу нь Billboard Hot 100 жагсаалтын 7-р байранд бичигдэж, хамтлагийн хувьд АНУ-ын зах зээл дэх хамгийн өндөр амжилтыг тогтоож байв.