Австралийн Ерөнхий сайд Энтони Албаниз Сиднейн их сургуульд үг хэлэхдээ хиймэл оюун ухааны (AI) технологи хөгжүүлэгч компаниуд зохиогчийн эрхээр хамгаалагдсан ном, хөгжим, урлагийн бүтээл болон мэдээллийг уран бүтээлчийн зөвшөөрөл, хяналтгүйгээр ашиглах ёсгүй гэдгийг мэдэгдлээ. Тэрээр үүнийг "хулгай" хэмээн тодорхойлж, уран бүтээлчид өөрсдийн бүтээлийн үнэ цэнийг хянах эрхтэй байх ёстойг онцолсон байна.
Энэхүү мэдэгдлийг Олон улсын хөгжмийн хэвлэн нийтлэгчдийн холбоо (ICMP) болон хөгжмийн салбарынхан талархан хүлээн авлаа. ICMP-ийн Ерөнхий захирал Жон Фелан энэхүү байр суурь нь дэлхий дахинд нөлөөлөхүйц ач холбогдолтойг тэмдэглэв. Тус байгууллага нь дэлхийн арилжааны хөгжмийн 90 хувийг төлөөлдөг бөгөөд Universal, Sony, Warner Chappell зэрэг томоохон хэвлэн нийтлэгчдийг эгнээндээ нэгтгэдэг юм.
Уран бүтээлчдийн эрхийг хамгаалах нь
Австралийн хөгжмийн салбарын байгууллагууд болон уран бүтээлчид хиймэл оюун ухааны хөгжилтэй холбоотойгоор зохиогчийн эрхийн хамгаалалт сулрах вий гэсэн болгоомжлолтой байсан юм. Австралийн хэвлэн нийтлэгчдийн AMPAL байгууллага, ARIA, APRA AMCOS зэрэг хэд хэдэн байгууллага нэгдэн, засгийн газартаа хандан нээлттэй захидал илгээж, уран бүтээлчдийн эрхийг хамгаалахыг уриалжээ. Тэдний үзэж буйгаар, ялангуяа Австралийн уугуул иргэдийн 60 мянга гаруй жилийн түүхтэй соёлын өвийг хиймэл оюун ухаанд зөвшөөрөлгүй ашиглах нь бүдүүлэг бөгөөд нөхөж баршгүй хохирол учруулах эрсдэлтэй аж.
Технологийн салбарын томоохон компаниуд болох Microsoft, Anthropic, Google зэрэг байгууллагууд лобби хийж, хөгжмийн бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглах боломжийг олгохыг хүссэн ч Австралийн засгийн газар үүнийг хүлээн авахаас татгалзлаа. Ерөнхий сайд Албаниз хэлэхдээ, хөгжимчид болон уран бүтээлчид бүтээлийнхээ өмчлөл, хяналтыг хадгалах ёстой бөгөөд үүнийг хуулиар тодорхой болгоно гэв. Мөн засгийн газар "Хиймэл оюун ухааны алба"-ыг байгуулж, технологийн салбарт Австралийн стандартыг боловсруулахаар болжээ.