Сидней хотод болсон хиймэл оюун ухааны (AI) асуудлаарх уулзалтын үеэр Австралийн Ерөнхий сайд Энтони Албаниз уран бүтээлчид болон хэвлэл мэдээллийнхний оюуны өмчийг хамгаалах хатуу байр суурийг илэрхийллээ. Тэрээр технологийн компаниуд зохиогчийн эрхээр хамгаалагдсан хөгжим, ном, урлагийн бүтээл болон мэдээллийг уран бүтээлчийн хяналтгүйгээр хиймэл оюун ухааныг сургахад ашиглах ёсгүй гэдгийг онцолсон байна.

Шинэ хууль эрх зүйн орчин

Ерөнхий сайд “Австралийн зохиолчид, хөгжимчид, уран бүтээлчид болон сэтгүүлчид өөрсдийн бүтээлийн эзэмшил, хяналтыг хадгалах ёстой. Үүнийг манай хуулиар тодорхой болгоно” хэмээн мэдэгдэв. Тэрээр цааш нь хэлэхдээ, уран бүтээлч бүр өөрийн бүтээлийн үнэ цэнэ, ашиглалтын нөхцөлийг өөрөө тогтоох эрхтэй бөгөөд үүнээс дутуу алхам бүрийг “хулгай” гэж үзэхээ илэрхийлжээ. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Австралийн засгийн газар Хиймэл оюун ухааны шинэ алба байгуулж, зөвшөөрөл болон төлбөрт суурилсан лицензийн тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна.

Уран бүтээлчдийн салбарын байр суурь

Австралийн хөгжмийн салбарын төлөөлөл болох ARIA болон APRA AMCOS байгууллагууд засгийн газрын энэхүү шийдвэрийг талархан хүлээж авлаа. Хөгжмийн салбарынхны хувьд хиймэл оюун ухааныг зохицуулах лицензийн тогтолцоо байхгүй тохиолдолд уран бүтээлчид их хэмжээний орлого алдах эрсдэлтэй гэж үзэж байна. Тухайлбал, APRA AMCOS-ийн судалгаагаар, зохиогчийн эрхийг хамгаалах зохицуулалтгүйгээр Австрали болон Шинэ Зеландын хөгжмийн зохиолчид ирэх дөрвөн жилийн хугацаанд нийтдээ 500 сая гаруй австрали долларын орлогоо алдаж болзошгүй гэсэн тооцоо гарчээ.

Эрх бүхий байгууллагуудын зүгээс технологийн компаниудыг одооноос эхлэн лицензийн гэрээ байгуулах замаар уран бүтээлчдийн эрхийг хүндэтгэж, бүтээлч эдийн засгийн үр шимийг хамтдаа хүртэх ёстойг сануулж байна.