Австралийн алдартай панк рок хамтлаг Amyl And The Sniffers өөрсдийн уран бүтээлийн шинэ чиглэлийг зарлалаа. Одоогоор Европ тивд аялан тоглолт хийж буй тус хамтлаг өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан каунтри хэв маягийн шинэ кино төсөл дээр ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна.

Хамтлагийн дуучин Эми Тейлор өмнө нь өгсөн ярилцлагадаа каунтри цомог гаргах нь түүний хүсэл байсныг дурдаж байсан удаатай. Тэрээр “Бид панк болон рок чиглэлээр гурван амжилттай цомог гаргасан. Одоо Австралийн каунтри хэв маягаар, жишээлбэл Чад Морган, Слим Дасти нарын хэв маягийг санагдуулам бүтээл хийхийг хүсэж байна” хэмээн ярьж байжээ.

Тус төслийг хамтлагийн олон жилийн хамтрагч, хөгжмийн видео бүтээгч Жон Ангус Стюарт найруулж байгаа бол продюсероор Крис Чанг, Жейсон Баум нар ажиллах юм. Жон Ангус Стюарт нь өмнө нь тус хамтлагийн “You’re a Star”, “Jerkin’”, “Hertz” зэрэг олон бүтээл дээр хамтран ажиллаж байсан туршлагатай уран бүтээлч юм.

Amyl And The Sniffers хамтлаг нь 2019 онд өөрсдийн нэрээр нэрлэсэн дебют цомгоо, 2021 онд “Comfort to Me” цомгоо гаргаж, томоохон амжилтад хүрсэн. Харин тэдний хамгийн сүүлийн цомог болох 2024 оны “Cartoon Darkness” нь ARIA чартад хоёрдугаар байрт бичигдэж, Billboard 200 жагсаалтад багтсан төдийгүй олон улсын хөгжмийн шагналуудад нэр дэвшээд байна. Тус цомогт багтсан “U Should Not Be Doing That” дуу нь Грэмийн 68 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд шилдэг рок үзүүлбэр төрөлд нэр дэвшсэн нь хамтлагийн хувьд анхны тохиолдол болжээ.

Хамтлагийн аялан тоглолт үргэлжилж байгаа бөгөөд Европын орнуудад аяласны дараа аравдугаар сарын 1-нээс эхлэн АНУ-д тоглолтуудаа хийхээр төлөвлөж байна.