Австралийн хөгжмийн фестивалийн салбарын эрх ашгийг хамгаалдаг Австралийн Фестивалийн Холбооны (AFA) гүйцэтгэх захирал Олли Аркинс энэ сарын сүүлээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх гэж байна. Түүний AFA дахь сүүлчийн ажлын өдөр нь ирэх баасан гараг буюу 8 дугаар сарын 21 байх ажээ.
AFA-ийн ТУЗ-ийн дарга Адель Робинсон мэдэгдэлдээ Олли Аркинсыг цар тахлын үр дагавар болон түүний дараах хүндрэлтэй үе зэрэг фестивалийн салбарын хамгийн эгзэгтэй цаг үед холбоог амжилттай удирдаж ирснийг онцлон тэмдэглэжээ. Аркинсын удирдлага дор тус холбоо нь гишүүд, засгийн газар болон салбарын түншүүдтэй хамтран ажиллаж, фестивалийг Австралийн соёлын дэд бүтцийн чухал хэсэг хэмээн хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө ажилласан байна.
Олли Аркинс Billboard сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, AFA-д ажилласан таван жилийн хугацаан дахь өөрийн хамгийн том ололт амжилтаа Шинэ Өмнөд Уэльс мужийн Хөгжмийн фестивалийн тухай хуулийг шинэчлэн найруулах ажилд оролцож, улмаар 2024 оны 9 дүгээр сард мужийн парламентаар томоохон шинэчлэлийг батлуулж чадсан явдал хэмээн нэрлэжээ.
Үүнээс гадна тэрээр холбооны гишүүдийн эрх ашгийг хамгаалж, холбооны засгийн газраас хөгжмийн фестивалиудад зориулсан тусгай дэмжлэг бүхий «Revive Live» санхүүжилтийг бий болгох, улмаар нэмэгдүүлэх чиглэлд нөлөөлж чадсан байна. Мөн Виктория болон Шинэ Өмнөд Уэльс мужуудын хөгжмийн фестивалиуд дээр мансууруулах бодисын найрлагыг шалгах үйлчилгээг нэвтрүүлэхэд тусалж, фестивалиудад илүү ашигтай нөхцөл бүрдүүлэхийн тулд «OneMusic» лицензийн схемийг шинэчлэн тохиролцжээ.
AFA нь анх 2018 оны 12 дугаар сард байгуулагдсан бөгөөд Австралийн хөгжмийн фестивалийн салбарын зохион байгуулагчид, ханган нийлүүлэгчид болон оролцогч талуудыг төлөөлөн ажилладаг байна. Өнөөдөр тус холбооны гишүүнчлэлд Fuzzy, CMC Rocks, Live Nation, Hardware, Laneway, Groovin’ The Moo, Lost Paradise зэрэг олон байгууллагууд багтдаг ажээ.