Австралийн бие даасан хөгжмийн салбарын томоохон төлөөлөл болох Mushroom Group бараг хагас зуун жилийн турш төв байраа болгосон Мельбурн хотын Алберт Парк дахь барилгаа худалдахаар зах зээлд гаргалаа.
Уг барилга нь анх жигнэмэгийн үйлдвэр байсан бөгөөд 1980 оноос хойш Dundas Lane-ий 9 тоотод Mushroom Group-ийн төвөөр ажиллаж эхэлжээ. Энэхүү түүхэн байранд Kylie Minogue, Vance Joy, Jimmy Barnes, The Temper Trap, Split Enz зэрэг олон арван алдартай уран бүтээлчид гэрээгээ үзэглэж байсан түүхтэй. Түүнчлэн Mushroom Group-ийн харьяа 20 гаруй бизнесийн нэг болох Frontier Touring энд төвлөрч, Taylor Swift, The Rolling Stones, Madonna, Foo Fighters зэрэг дэлхийн одуудын аялан тоглолтыг зохион байгуулж иржээ.
Домогт барилгын тухай
Нийт 525 метр квадрат булангийн газарт байрлах тус барилга нь 1,080 метр квадрат орчим талбайтай, хоёр үндсэн давхар болон дээврийн задгай талбайтай аж. Энэхүү үл хөдлөх хөрөнгийн борлуулалтыг Marshall White болон Stonebridge компаниуд хариуцан ажиллаж байна.
Mushroom Group-ийн үүсгэн байгуулагч, талийгаач бизнесмэн Майкл Гудинскийн хүү, одоогийн гүйцэтгэх захирал Мэтт Гудински уг шийдвэрийн талаар хэлэхдээ, тус газар нь компанийн хувьд үнэ цэнтэй түүх өгүүлдэг болохыг онцолж, дараагийн эзэндээ үнэ цэнээ алдахгүй шилжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Mushroom Group өмнө нь Мельбурний East End бүсийн Little Collins Street рүү нүүж, олон улсын болон дотоодын аялан тоглолт, дуу бичлэгийн лейбл, менежмент, арга хэмжээ зохион байгуулалт зэрэг олон төрлийн үйл ажиллагаагаа нэгтгэхээр болсноо зарласан юм.