Нигерийн афропоп дуучин Айра Старрын бие даасан гурав дахь цомог Starrgirl энэ долоо хоногийн дуртай шинэ хөгжмийг тодруулах Billboard-ийн санал асуулгыг тэргүүллээ.

Billboard сэтгүүлээс наймдугаар сарын 14-ний баасан гарагт нийтэлсэн санал асуулгын санал хураалт ням гарагт дуусахад тус цомог нийт саналын 87 гаруй хувийг авч нэгдүгээрт жагссан байна. Энэ долоо хоногт шинэ бүтээлээ толилуулсан уран бүтээлчдийн дунд KATSEYE, Фиби Брижерс, Трой Сиван, түүнчлэн Беки Жи зэрэг алдартнууд багтсан юм. Тухайлбал, санал асуулгад KATSEYE хамтлагийн “WILD”, Фиби Брижерсийн “Lost Weekend”, Трой Сиваны “She’s the Best” дуунууд Starrgirl цомгийн ард бичигджээ.

Дуучны 2024 онд гаргасан “The Year I Turned 21” цомгийн үргэлжлэл болсон уг цомог нь нийт 16 дуутай бөгөөд сүүлд гаргасан “Tornado” сингл болон өнгөрсөн жилийн Грэммид нэр дэвшсэн Уизкидтэй хамтарсан “Gimme Dat” зэрэг бүтээл багтжээ. Түүнчлэн Зэйн, Рема, Леон Томас, Дэнни Оушен нар цомогт хамтран ажилласан байна.

Айра Старр “Variety” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Нью-Йорк руу нүүсэн явдал нь шинэ хөгжим хийх урам зориг өгснийг онцолсон бөгөөд Starrgirl цомогт бүжгийн болон R&B чиглэлийн аялгууг түлхүү шингээж, дуугаралтын цар хүрээгээ тэлсэн гэдгээ хуваалцжээ.