Филиппиний теннисчин Алекс Эала Аичи-Нагояд болох Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцохоор шийдсэн нь эмэгтэйчүүдийн мэргэжлийн теннисний холбоо буюу WTA-аас шийтгэл хүлээх нөхцөлийг үүсгээд байна. Тэрбээр Азийн наадамд оролцохын тулд есдүгээр сарын 30-нд эхлэх заавал оролцох шаардлагатай WTA 1000 ангиллын China Open тэмцээнийг өнжих шаардлагатай болж байгаа юм. Азийн наадам есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд үргэлжилнэ.

Зөвшөөрөлгүйгээр 1000 түвшний тэмцээнийг өнжвөл чансааны онооны хасалт болон мөнгөн торгууль ногдуулдаг дүрэмтэй. Филиппиний теннисний холбооноос түүний өмнөөс чөлөөлөх хүсэлт гаргаснаа мэдэгдсэн ч тамирчин эх орноо төлөөлөх шийдвэртээ тууштай байгаа аж.

Тэгвэл Филиппиний хууль тогтоогчид түүнийг бүрэн дэмжиж, хэрэв торгууль ногдуулбал засгийн газар түүнийг нь төлөхөд туслах ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ. Сенатор Эрвин Тулфо хэлэхдээ, улсаа төлөөлснийхөө төлөө торгуулж байгаа бол төрөөс тусламж дэмжлэг үзүүлэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн онцолсон байна. Манилагийн мэдээлснээр уг болзошгүй торгуулийн хэмжээ ойролцоогоор 10,000 ам.доллар байж магадгүй бөгөөд асуудал үүсвэл хууль тогтоогчид үүнийг хариуцахад бэлэн байгаагаа дурджээ.

Эала одоогоор дэлхийн чансааны 18-д эрэмбэлэгдсэн бөгөөд Азийн наадамд тэргүүн чансаатайгаар оролцох гэж байна. Энэ тэмцээнд теннисний төрөлд алтан медаль хүртвэл чансааны эхний 500-д багтсан тамирчинд 2028 оны Лос-Анжелесын олимпын эрх олгодог онцлогтой юм.