Америкийн алдарт дуучин, олон улсад танигдсан уран бүтээлч Алиша Киз өөрийн төлөөлөгч агентлагаа өөрчилж, “Creative Artists Agency” (CAA)-тай хамтран ажиллах болсон тухай тус компани даваа гарагт мэдээллээ. Тэрээр өмнө нь “William Morris Endeavor” (WME) агентлагтай хамтран ажилладаг байсан бөгөөд менежментийг нь “Roc Nation” хариуцдаг хэвээр үлджээ.
Алиша Киз нь Billboard-ын чартуудад өндөр амжилт гаргасан уран бүтээлч юм. Тэрээр “Fallin”, “My Boo”, “No One” болон “Empire State Of Mind” зэрэг дөрвөн дуу нь Billboard Hot 100 чартын нэгдүгээр байрт бичигдэж байсан бол “Songs In A Minor”, “The Diary Of Alicia Keys”, “Unplugged”, “As I Am”, “Girl On Fire” зэрэг таван цомог нь Billboard 200 чартыг тэргүүлж байв.
Дуучин бүсгүйн хувьд 2023 оны зун Хойд Америкийн томоохон аренуудад аялан тоглолтоо хийсэн. Тэрээр мөн хөгжмийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийг дэмжих зорилготой “She Is The Music” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг юм.
Одоогоор Алиша Киз шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа гэх мэдээлэл байгаа бөгөөд түүний амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Hell’s Kitchen” мюзикл нь 2024 онд Бродвей тайзнаа нээлтээ хийжээ. Тус мюзикл нь хоёр удаагийн Тони шагнал хүртэж, 2025 оны Грэммийн шагнал гардуулах ёслолоос шилдэг мюзикл театрын цомог төрөлд ялалт байгуулсан байна. Түүнчлэн, тэрээр саяхан Нью-Йорк хотод зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн багийн баярын жагсаалын үеэр “Empire State of Mind” дуугаа дуулжээ.