YouTube-ийн алдарт “Chicken Shop Date” цувралын хөтлөгч, Британийн комедиан Амелиа Димолденберг “Saturday Night Live UK” (SNL UK) шоуны есдүгээр сарын 26-ны дугаарыг хөтлөх үеэрээ дуучин Эд Шираныг элэглэж, хошигносон байна.
Тэрбээр 12 гаруй жил үргэлжилсэн шоугаа дуусгавар болгож буйгаа саяхан зарласан бөгөөд нээлтийн үгээ хэлэхдээ Идрис Эльба, Шер зэрэг олон алдартнуудтай ярилцаж байснаа дурджээ. Үүнийхээ дараа “Үүнээс гадна ардаа гараа хийлгэж юу ярихаа заалгадаг дэлхийд алдартай улаан үстэй хүүхэлдэйтэй ч ярилцсан” хэмээн Sesame Street-ийн Элмогийн хамт авахуулсан зургаа үзүүлсэн байна. Гэвч удалгүй “Үгүй ээ, нөгөөх нь” хэмээн залруулж, Эд Ширантай хамт авахуулсан зургаа дэлгэцэнд гаргасан нь 2021 оны арваннэгдүгээр сард түүний цувралд оролцож байсныг нь дурссан хошигнол байв.
Энэхүү хошигнол нь Эд Шираны “Loop Tour” аялан тоглолттой холбоотой маргаан өрнөж буй үед таарчээ. АНУ-д хийсэн тоглолтынхоо үеэр рэппер Macklemore есдүгээр сарын эхээр “Free Palestine” уриа хашхирч, улс төрийн сэдэвтэй дуугаа дуулсны дараа түүнийг Шираны аялан тоглолтоос хассан юм.
Үүний дараа Эд Ширан Филадельфид нээлтийн үзүүлбэргүйгээр хоёр ч тоглолтоо хийхдээ улс төр бус, нэгдмэл байдал, энэрэнгүй сэтгэлийг чухалчлахыг хүсэж байгаагаа үзэгчдэд хэлсэн байна. Харин рэппер Macklemore бие даасан “Free Palestine Tour” аялан тоглолтоо зарлаж, орлогыг нь Палестины ард түмэнд тусламж үзүүлдэг байгууллагуудад хандивлахаа мэдэгдээд буй юм.