Уран бүтээлч Андерсон Паак болон Кордэ нарын хамтарсан анхны төсөл болох “Heavy Is the Crown” цомог Billboard-ийн Top Rap Albums чартын нэгдүгээрт бичигдлээ. Энэ нь уран бүтээлч тус бүрийн хувьд уг чартыг анх удаа тэргүүлсэн тохиолдол болж байна.
Luminate-ийн мэдээлснээр, 10 дугаар сарын 23-наас 29-ний хооронд тус цомог АНУ-д нийт 30,000 эквивалент нэгж борлуулалт хийжээ. Үүнээс цомгийн цэвэр борлуулалт 19,000, стриминг хандалт 11,000 нэгжийг бүрдүүлсэн байна. Мөн тус бүтээл Top R&B/Hip-Hop Albums чартын 2-р байр, бүх төрлийг багтаасан Billboard 200 жагсаалтын 11-р байрт тус тус оржээ.
Цомгийн нийт 11 дуунаас “Airbender” дуу нь долоо хоногийн хугацаанд 2.4 сая стриминг цуглуулж, Hot Rap Songs чартын 21 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь Андерсон Паакийн хувьд тус чартад багтсан анхны дуу болсон бол Кордэгийн хувьд дөрөв дэх бүтээл нь боллоо.
Өмнө нь Андерсон Паак продюсер Knxwledge-тэй хамтарсан Nxwrries хамтлагийн “Yes Lawd!” цомгоороо 2016 оны 11 дүгээр сард Top Rap Albums чартын 3-т, 2018 оны 12 дугаар сард “Oxnard” цомгоороо 5-р байрт хүрч байв. Түүнчлэн Бруно Марстай хамтарсан Silk Sonic төслийн “An Evening With Silk Sonic” цомог нь Top R&B/Hip-Hop Albums чартыг тэргүүлж байсан билээ. Харин Кордэгийн хувьд “The Lost Boy” цомог нь 2019 оны 8 дугаар сард 6-р байр, “From a Birds Eye View” цомог нь 2022 оны 1 дүгээр сард 4-р байрт тус тус бичигдэж байжээ.