АНУ-ын крипто зах зээлийн бүтцийг тодорхой болгох зорилготой Clarity Act хуулийн төслийн шинэчилсэн найруулга Сенатын гишүүдийн дунд тархаж эхэллээ. Энэхүү баримт бичгийг сэтгүүлч Элеанор Терретт болон Брендан Педерсен нар анх мэдээлсэн бөгөөд уг төсөлд төвлөрсөн бус санхүү (DeFi) болон зээлийн холбоодын крипто үйл ажиллагаатай холбоотой шинэ заалтууд багтжээ.
Шинэ хувилбарт орсон гол өөрчлөлтүүд
Шинэчлэгдсэн төсөлд бүрэн төвлөрсөн бус бус (non-decentralized) DeFi протоколуудыг CFTC (АНУ-ын Түүхий эдийн фьючерсийн арилжааны комисс)-д бүртгүүлэхийг шаардахаар тусгасан байна. Хэрэв тухайн төвлөрсөн бус санхүүгийн аппликейшны үйл ажиллагааг хэн нэгэн хянах, өөрчлөх боломжтой, урьдчилан тодорхойлсон кодчилсон дүрмийн дагуу дангаараа ажилладаггүй эсвэл ашиглалтыг нь хязгаарлаж, цензурдах боломжтой бол түүнийг жинхэнэ төвлөрсөн бус протокол гэж үзэхгүй байхаар заажээ.
Мөн холбооны зээлийн холбоод нь хуулиар зөвшөөрөгдсөн аливаа үйлчилгээ, үйл ажиллагааг үзүүлэхдээ дижитал хөрөнгө болон тархмал дэвтрийн систем (distributed ledger)-ийг ашиглаж болох заалтыг нэмж өгсөн байна.
Хууль батлагдах явц ба улс төрийн нөхцөл байдал
Энэхүү Clarity Act нь дижитал хөрөнгийг үнэт цаас, түүхий эд эсвэл стейблкоин гэж ялган зохицуулагчдын хяналтын зааг ялгааг албан ёсоор гаргах хүрээг тодорхойлдог юм. Тус төсөл өнгөрсөн оны долдугаар сард Төлөөлөгчдийн танхимаар дэмжигдсэн ч банкны лобби болон крипто компаниудын хоорондох стейблкоины өгөөжийн маргаанаас болж удаашраад байв.
Уг төслийн дагуу төрийн албан тушаалтнууд криптогоос ашиг олох, сурталчлахыг хориглох ёс зүйн заалт долоодугаар сард гарсан хувилбарт багтаж байсан юм. Хэдийгээр шинэ өөрчлөлтүүд орсон ч зарим Ардчилсан намын гишүүд төслийг хангалтгүй гэж үзэн нэмэлт өөрчлөлт шаардаж байгаа бөгөөд сэтгүүлчдийн мэдээлснээр одоогоор хоёр намын бүрэн зөвшилцөлд хараахан хүрээгүй байна.
Хууль тогтоогчид санал хураалтыг наймдугаар сард хийхээр төлөвлөж байсан ч хойшлогдож, есдүгээр сарын 15-нд Сенатаар санал хураахаар болжээ. Ерөнхийлөгч Дональд Трамп хууль тогтоогчдод хандан АНУ нь Биткойн болон криптогийн салбарт маргаангүй тэргүүлэгч байхын тулд уг хүчирхэг хуулийг батлах ёстойг сануулж, дэмжихийг уриалсан байна.