АНУ-ын 2026 оны дунд хугацааны сонгууль болохоос хэдэн долоо хоногийн өмнө насанд хүрэгчдийн салбарын уран бүтээлчид сонгогчдод хандан бүртгэлээ шалгахыг сануулах зорилгоор "Hot2Vote" нэртэй аяныг өрнүүлж байна. Нийт 100,000 ам.долларын төсөвтэй уг аяныг 100 гаруй насанд хүрэгчдийн контент бүтээгч хамтран зохион байгуулж байгаа юм.

Өнгөрсөн жил Жоржиа мужийн сонгогчдын нэрсийн жагсаалтаас 470,000 гаруй хүний нэр хасагдсан бөгөөд уг аян нь иргэдийг бүртгэлийн төлөвөө шалгахыг уриалж буй аж. Аяны хүрээнд Cherie DeVille, King Noire зэрэг уран бүтээлчдийн оролцсон олон нийтэд зориулсан видео бичлэгүүд цацагдаж байна. Мөн Атланта хотын шөнийн клубийн бүсүүдэд байршуулах пин-ап хэв маягийн нийгмийн сурталчилгааны постерууд, тухайн бүсэд чиглэсэн дижитал сурталчилгаа болон насанд хүрэгчдийн сайтуудад байрших зорилтот сурталчилгаанууд багтжээ.

Түүнчлэн уран бүтээлчид Атланта хотын гудамжинд биечлэн гарч, иргэдэд бүртгэлээ шууд шалгах боломж олгох зорилгоор Hot2Vote вэбсайт руу холбогдсон QR код болон постеруудыг тараахаар төлөвлөөд байна. Атланта хотын уран бүтээлч, InMelanin продакшны эзэн Хэйзел Грэйс (Hazel Grace) Mashable-д өгсөн мэдээлэлдээ "Ирэх хэдэн долоо хоногт манай баг Атланта хотын клубуудээр явж, хүн бүрийг сонгогчийн бүртгэлээ шалгасан эсэхийг нягтлахаар олон нийттэйгээ холбогдох болно" гэж онцолжээ.

Хэвлэлийн мэдээнд дурдсанаар, уламжлалт улс төрийн сурталчилгааг сонирхдоггүй хүмүүст хүрэх зорилготой уг аян нь Атланта хотын бүс нутагт 400,000-аас 450,000 орчим хүнд (ихэвчлэн эрчүүдэд) хүрнэ гэж тооцоолсон байна. Энэхүү аян нь 11 дүгээр сарын сонгуулийн өмнөх Жоржиа мужийн сонгогчдын бүртгэлийн эцсийн хугацаанаас нэг өдрийн өмнө буюу 10 дугаар сарын 4-нийг дуустал үргэлжлэх ажээ.