АНУ-ын Брүүклиний Прокурорын газар Холбооны мөрдөх товчоотой (FBI) хамтран тус улс дахь орос хэлтэй иргэдээс олон арван сая доллар залилсан олон улсын крипто луйврын сүлжээний дэд бүтцийг таслан зогсоожээ. Мөрдөгчид хэдхэн цагийн дотор цагийн гурван өөр бүсэд нэгжлэг хийж, зүүн Европ болон Америкийн компаниудад байршдаг 100 гаруй үүлэн сервер, 241 луйврын домэйныг хааж, хяналтдаа авсан байна.

Эдгээр серверүүдэд хохирогчдын мэдээлэл, хуурамч сайтын агуулга болон үйл ажиллагааны программ хангамж хадгалагдаж байсныг албаныхан мэдээлэв. Брүүклиний дүүргийн прокурор Эрик Гонзалесийн мэдэгдсэнээр, тэдний Виртуал валютын нэгж уг луйврыг илрүүлж, хулгайлагдсан криптог мөшгин, ард нь байсан дэд бүтцийг илрүүлж чаджээ.

Залилангийн схем хэрхэн ажилладаг байв?

Луйварчид фэйсбүүкээр орос хэл дээрх хөрөнгө оруулалтын сурталчилгаа явуулж хүмүүсийг татдаг байжээ. Үүний дараа өөрсдийгөө орос хэлтэй "зөвлөх" гэж танилцуулсан этгээдүүд холбогдож, хуурамч крипто платформ дээр бүртгэл нээлгэн, дижитал хөрөнгө худалдан авахад нь зааварчилгаа өгдөг байв.

Хэдэн долоо хоног эсвэл сарын дараа хохирогчид мөнгөө татах гэж оролдоход тэдний хандалтыг хаах юм уу хуурамч "шимтгэл", "татвар" шаарддаг байсан бөгөөд зарим хүмүүс насан туршийн хадгаламжаа бүхэлд нь алдсан байна. Үүгээр ч зогсохгүй, луйварчид хэдэн долоо хоногийн дараа алдагдсан мөнгийг буцаан олж өгөх үйлчилгээ үзүүлэгч болж жүжиглэн дахин холбогдож, хохирогчдыг давхар залилахыг оролддог байжээ.

Мөрдөн байцаагчид өмнө нь 400 орчим луйврын домэйныг устгаад байсан ч шинээр дахин нээгдсээр байсан аж. Харин энэ удаад тэдгээрийн цаад серверийг онилсноор шинэ сайт үүсгэх болон өмнөх хохирогчидтойгоо холбогдох боломжийг нь хаасан байна. Гурван жилийн турш үргэлжилж буй энэхүү мөрдөн шалгалтын явцад одоогоор 300,000 орчим долларыг буцаан олж авсан бөгөөд прокурорууд үлдсэн мөнгийг эргүүлэн татахаар ажиллаж байна.