АНУ-ын Батлан хамгаалах яам буюу Пентагон болон зэвсгийн томоохон үйлдвэрлэгч Lockheed Martin, Northrop Grumman компаниуд хамтран ажиллах шинэ гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээний хүрээнд Patriot болон THAAD пуужингийн эд ангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үнийн дүн нь 3 тэрбум гаруй ам.доллар хүрсэн байна.

Энэхүү шийдвэр нь Украин болон Иран дахь зөрчил мөргөлдөөнүүдийн улмаас АНУ-ын зэвсгийн нөөц шахагдсан, ачаалал нэмэгдсэнтэй холбоотой юм. Northrop Grumman компаниас мэдээлснээр, уг хэлэлцээрийг Даваа гарагт албан ёсоор зарлажээ.

Үүнээс гадна, өнгөрсөн долоо хоногт Lockheed Martin компанитай 58.6 тэрбум ам.доллар хүртэлх үнийн дүн бүхий Patriot пуужин үйлдвэрлэх гэрээ байгуулснаа АНУ-ын тал зарласан юм. АНУ нь холбоотнууддаа их хэмжээний зэвсэг нийлүүлж ирсэн бөгөөд үүний зэрэгцээ өөрийн зэвсгийн нөөцийг мөргөлдөөний бүсүүдэд ашиглаж байна.