Анхдугаар Дэлхийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээний (World Athletics Ultimate Championship) холимог 4x100 метрийн буухиа гүйлтийн төрөлд АНУ-ын баг түрүүллээ. Тэд тус төрөлд ялалт байгуулснаар 80,000 ам.долларын шагналын эзэн болсон байна.

Есдүгээр сарын 11-нд болсон уралдаанд Америкийн тамирчид болох Ронни Бейкер, Анавиа Баттл, Кортни Линдси, Кейла Уайт нар 39.64 секундийн амжилтаар барианд орж, улсынхаа шинэ дээд амжилтыг тогтоов. Энэ нь тус төрлийн түүхэн дэх хоёр дахь шилдэг үзүүлэлт болсон ч Ямайкын тамирчдын тавдугаар сард Габороне хотод тогтоосон дэлхийн дээд амжилтаас (39.62 секунд) ердөө 0.02 секундээр дутжээ.

Уг уралдаанд дэлхийн рекордыг эзэмшигч Ямайкын баг 39.72 секундээр хоёрдугаар байр эзэлсэн бол Их Британи ба Умард Ирландын баг 40.26 секундээр гуравдугаар байрт шалгарсан байна. АНУ-ын багийн хувьд өнгөрсөн тавдугаар сард 40.33 секундээр гуравдугаар байрт орж байсан бүрэлдэхүүнээ шинэчилж, хугацаагаа 0.69 секундээр ахиулж чаджээ.

Холимог 4x100 метрийн буухиа гүйлт нь 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын хөтөлбөрт албан ёсоор багтахаар болоод байгаа юм.

Будапештэд болох дараагийн тулаан

Тэмцээний холимог 4x400 метрийн буухиа гүйлтийн шигшээ уралдаан ням гарагт буюу есдүгээр сарын 13-нд Будапештэд болох товтой байна. Энэ төрөлд АНУ болон Ямайкаас гадна Их Британи, Норвеги, түүнчлэн Парисын олимпын аварга Нидерландын шигшээ багууд тэргүүн байрын төлөө өрсөлдөхөөр зэхэж байна.