АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет тус улсын зэвсэгт хүчний алба хаагчдын дунд шинэ журам хэрэгжүүлэхээ мэдэгдлээ. Лхагва гарагт гаргасан уг шийдвэрийн дагуу 30 ба түүнээс дээш насны идэвхтэй болон нөөцийн бүх цэргийн алба хаагчид жил бүрийн эрүүл мэндийн үзлэгийн үеэр тестостероны дутагдлыг илрүүлэх шинжилгээнд заавал хамрагдах юм. Түүнчлэн 30-аас доош насны алба хаагчид хүсэлт гаргасан тохиолдолд уг шинжилгээг хийлгэх боломжтой болжээ.
Пит Хегсет олон нийтийн сүлжээнд байршуулсан богино хэмжээний бичлэгээрээ дамжуулан энэхүү санаачилгын зорилгыг тайлбарлав. Тэрээр энэхүү үзлэг болон шаардлагатай тохиолдолд хийх эмчилгээ нь алба хаагчдын гүйцэтгэл, тэсвэр хатуужил болон урт хугацааны эрүүл мэндийг оновчтой болгох зорилготой гэдгийг онцолсон байна. Мөн тэрээр үүнийг "хиймэл өсөлт" гэж үзэхгүй бөгөөд алба хаагчид эмчилгээнээс татгалзах эрхтэй гэдгийг дурджээ. Сайдын хэлснээр, уг арга хэмжээ нь цэргийн алба хаагчдын чадавхийг сэргээх, урт наслалтыг хамгаалах, "тулааны талбарт шаардлагатай биологийн суурийг баталгаажуулах" зорилготой аж.
Гэсэн хэдий ч энэхүү санаачилга нь мэргэжлийн эмч нарын дунд маргаан дагуулаад байна. Шинжээчид уг шинжилгээ болон эмчилгээ нь цэргийн алба хаагчдын үйл ажиллагааг үнэхээр сайжруулах эсэх, тэднийг илүү урт наслахад туслах эсэх, мөн энэ төрлийн шинжилгээг бусад хүмүүст ч өргөн хүрээнд хийх шаардлагатай эсэх талаар асуулт дэвшүүлж, үүнийг эмнэлзүйн ээдрээтэй нөхцөл байдал үүсгэж болзошгүй хэмээн болгоомжилж байна.