АНУ-ын Сенат крипто салбарын хамгийн чухал хуулийн төслүүдийн нэг болох Digital Asset Market Clarity Act (H.R. 3633)-ийг хэлэлцэх шат руу оруулах санал хураалтад бүдэрлээ. Хуулийн төслийг цааш хэлэлцэх санал хураалтад сенаторууд 49-50 харьцаатай санал өгснөөр холбооны түвшинд зах зээлийн бүтцийг хуульчлах ойрын хугацааны боломж хаагдсан байна.
Энэхүү шийдвэрийн дараа криптовалютын зах зээл ерөнхийдөө суларч, хөшүүрэгтэй лонг арилжаанууд хаагдах давалгаа үүссэнээр XRP-ийн ханш 8 гаруй хувиар унав. CryptoSlate-ийн мэдээллээс үзвэл, 9 дүгээр сарын 14-нд ойролцоогоор 1.42 ам.долларт хүрч байсан XRP-ийн ханш 1.27 ам.доллар хүртэл буурч, улмаар 1.29 ам.доллар орчимд эргэн хэлбэлзэж байна.
Ripple компанийн байр суурь
Ripple компанийн гүйцэтгэх захирал Брэд Гарлингхаус Сенатын санал хураалтын үр дүнд сэтгэл дундуур байгаа ч энэ нь компанийн үйл ажиллагааны чиглэл, өсөлтийн эрч хүч болон харилцагчдын хүрээг өөрчлөхгүй гэдгийг мэдэгдлээ. Тэрээр уламжлалт санхүү болон дижитал активын салбараас ирж буй эрэлт өндөр хэвээр байгааг онцолсон юм.
Компанийн хууль зүйн асуудал эрхэлсэн захирал Стюарт Алдеротигийн үзэж буйгаар, Сенатын санал хураалт бүтэлгүйтсэн ч XRP-ийн хууль эрх зүйн тодорхой байдал хэвээр үлдсэн байна. Тодруулбал, өнгөрсөн 3 дугаар сард АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо (SEC) крипто активын ангилалд холбооны үнэт цаасны хууль хэрхэн үйлчлэх тухай комиссын түвшний тайлбар гаргасан бол Барааны фьючерсийн арилжааны комисс (CFTC) уг тайлбарын хүрээнд Барааны биржийн хуулийг хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм. Тухайн үед XRP-ийг шинж чанар, нөхцөл болон үүрэгт нь үндэслэн дижитал түүхий эд (digital commodity) гэж тодорхойлсон 18 активын нэгээр нэрлэсэн бөгөөд уг зохицуулалт хүчин төгөлдөр хэвээр байна.
Цаашдын зохицуулалт ба эрсдэл
Хэдийгээр уг тайлбар нь XRP-д давуу тал олгож байгаа ч хууль шиг бат бөх хамгаалалт болж чадахгүй юм. SEC одоогийн хүчин төгөлдөр хуулийг тайлбарласан тул цаашид хандлагаа өөрчлөх эсвэл шинэчлэх боломж нээлттэй үлдэж байна. Мөн дижитал түүхий эд нь өөрөө үнэт цаас биш байсан ч тодорхой арилжаа, хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд үнэт цаасны хуульд хамрагдах боломжтойг Howey тестээр хянадаг.
Конгрессын хууль тогтоох үйл явц гацсан энэ үед Ripple компани SEC-ийн дарга Пол Аткинс болон CFTC-ийн дарга Майк Селиг нарыг крипто дүрмийг боловсруулахад илүү голлох үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж, хоёр агентлагтай хамтран ажиллахаа мэдэгдэв. Салбарын ерөнхий зохицуулалтын эрх мэдлийн хуваарилалтыг шийдэхэд Конгрессын түвшний хууль шаардлагатай тул зах зээл одоогоор шүүхийн шийдвэр, агентлагуудын тайлбар болон цаашид гарах дүрмүүдээс хамааралтай хэвээр үлдэж байна.