АНУ-ын завсрын сонгуулийн саналын хуудсыг тоолж дуусах үед америкчууд нийтдээ багцаагаар 60 тэрбум улс төрийн мессеж хүлээн авсан байх тооцоо гарчээ. Нэг иргэн дунджаар 170 орчим мессеж уншсан байх бөгөөд нэр дэвшигчид сонгууль дуусахад кампанит ажилдаа 11 тэрбум гаруй ам.доллар зарцуулсан байх төлөвтэй байна.
Гэвч энэ их зардал, дуудлага, мессеж, зар сурталчилгааны шуурга нь залилагчдад өөрсдийгөө нуух таатай нөхцөл бүрдүүлж байгааг хиймэл оюун ухаанаар залилангаас сэргийлэх "Kidas" компанийн гүйцэтгэх захирал Рон Кербс анхааруулав. Түүний хэлснээр, иргэд албан ёсны улс төрийн мэдээлэл авч байх үедээ хуурамч дуудлагыг ялгаж танихад хэцүү байдаг аж. Иймээс танихгүй дугаараас ирсэн дуудлагыг дуут шуудан руу шилжүүлэх, нэр дэвшигч болон кампанит ажилтай холбоотой гэх дуудлага, мессежийг нягтлах, хэн нэгэнд мөнгө эсвэл хувийн мэдээллээ өгөхөөс өмнө сайтар эргэцүүлэхийг зөвлөжээ.
Хуурамч мессеж ба AI дуут дуудлага
АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос (FBI) сэрэмжлүүлэг гаргаж, нэр дэвшигчдийн нэр, зураг, лого, уриаг ашиглан хуурамчаар хандив цуглуулах, хүргэгдэхгүй бараа зарах эсвэл хувийн мэдээллийг хулгайлах залилан гарч байгааг мэдэгдсэн байна. Сонгогчид найдвартай мэт харагдах дугаараас ирсэн сэжигтэй линк дээр дарахгүй байх хуучны дүрмийг баримтлах хэрэгтэйг сануулжээ.
Түүнчлэн утсаар ярих нь бүр ч их төөрөгдөл үүсгэж болзошгүйг Рон Кербс онцолсон юм. Хүмүүс танил нэр дэвшигчийн дуу хоолойг сонсоод итгэх хандлагатай байдаг бөгөөд залилагчид хиймэл оюун ухаан (AI) ашиглан тэдний дуу хоолойг бодитой мэт дуурайлган бүтээх боломжтой болжээ. Нэр дэвшигчдийн нийтэд нээлттэй мэдээлэл, дуу бичлэгийг ашиглан AI загварыг сургаж, дуудагчийн дугаарыг хуурамчаар харуулах (caller ID spoofing) аргатай хослуулснаар албан ёсны улс төрийн байгууллагаас залгаж буй мэт харагдуулах эрсдэлтэй аж.
Энэ нь зөвхөн таамаглал төдий биш юм. Тухайлбал, 2024 онд тухайн үеийн ерөнхийлөгч Жо Байдены дуу хоолойг дуурайлгасан AI автомат дуудлага Нью-Хэмпшир мужийн сонгогчдод хүрч, урьдчилсан сонгуулийг өнжихийг уриалж байжээ. Үүний дараа холбооны түвшинд арга хэмжээ авч, Холбооны Харилцаа Холбооны Комисс (FCC) зөвшөөрөлгүй хийгдэх AI автомат дуудлагыг хориглосон шийдвэр гаргаж байв.