Грекийн цагдаагийн газраас ням гарагт мэдэгдэл хийж, өнгөрсөн сард Афин хотод чемоданд хийгдсэн байдалтай олдсон Их Британийн иргэний амины хэргийг илрүүлснээ зарлалаа.
Хууль сахиулах байгууллагын мэдээлснээр, уг хэрэгт холбогдуулан 26 настай эрэгтэйг баривчилсан байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тус сэжигтнийг Афганистаны иргэн болохыг онцолжээ. Цагдаагийн байгууллагын зүгээс баривчлагдсан этгээд өөрийн үйлдлээ хүлээсэн гэж мэдэгдэлдээ дурдсан байна.
Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд Их Британийн 38 настай иргэний амь насыг хөнөөсөн хэргийг ийнхүү илрүүлжээ. Талийгаачийн цогцос өнгөрсөн сард Афин хотод чемоданд хийгдсэн байдалтай олдсон юм.