Алдарт R&B дуучин Ашер (Usher) өөрийнх нь концертод орлон тоглогч буюу өөртэй нь тун адилхан хүн тайзан дээр гарч дуулсан гэх шуугианд хариу тайлбар өглөө. Тэрээр наймдугаар сарын 7-ноос 8-нд шилжих өдрүүдэд Нью-Жерси дэх «MetLife Stadium» цэнгэлдэх хүрээлэнд Крис Браунтай хамтран аялан тоглолтоо хийсэн юм.
Цахим сүлжээн дэх яриа тоглолтын эхний өдөр эхэлсэн бөгөөд нэгэн үзэгч TikTok хуудаснаа «Ашер, чи яагаад өчигдөр биднээр ингэж тоглож байгаа юм бэ? Энэ бол Ашер БИШ байна. Тэр үнэхээр өөрийн орлон тоглогчоо явуулжээ» гэж бичжээ. Мөн өөр нэгэн хэрэглэгч X (хуучнаар Twitter) хуудаснаа «Ашер чи Нью-Йоркийг хуурч чадахгүй ээ, энэ чи биш байна. Мөнгөө буцааж авмаар байна» хэмээн бухимдлаа илэрхийлсэн бол өөр нэгэн үзэгч мөн л түүнийг биш байсан бөгөөд жинхэнэ Ашер дараа нь гарч ирсэн хэмээн бичсэн байна. Үүнээс үүдэн зарим шүтэн бишрэгчид нь тасалбарын мөнгөө буцаан олгохыг шаардаж эхэлжээ.
Эдгээр олон тооны яриа, шүүмжлэлийн хариуд Ашер аялан тоглолтынхоо албан ёсны Инстаграм хуудаснаа видео бичлэг нийтэлж, хариу өгсөн байна. Тэрээр «Та нар үнэхээр хөгжилтэй юм... Клон уу? Тэд үүнийг клондож чадна гэж үү? Та нар ийм юм яаж бодож олдог байна аа? Хиймэл оюун ухаан (AI) хараахан ийм өндөр түвшинд хөгжөөгүй байгаа» хэмээн бичиж, цуурхлыг үгүйсгэв.
Ашерын Крис Браунтай хийж буй аялан тоглолт үргэлжлэх бөгөөд арванхоёрдугаар сарын 12-нд Тампа дахь «Raymond James Stadium»-д өндөрлөх хуваарьтай байна.