Балтийн тэнгист дрон буюу нисгэгчгүй онгоцны халдлагад өртсөн Оросын эзэмшлийн ачааны хөлөг онгоцыг Финландын усан хилээс чирч гаргах ажиллагааг Оросын аврах хөлөг онгоц эхлүүлсэн тухай Финландын эргийн харуул ням гарагт мэдээллээ.

Уг хөлөг дээр хоёр өдрийн турш гал түймэртэй тэмцсэний эцэст ийнхүү чирэх ажиллагааг эхлүүлсэн байна. Финландын цэргийнхний мэдээлснээр "Спарта II" (Sparta II) хөлөг онгоцонд бямба гарагт өгсөн уг цохилтыг Украин үйлдсэн байж болзошгүй бөгөөд үүний дараа хөлөг онгоц Финландын усан хил рүү хөвөн оржээ.

Хөлгийн багийн 16 гишүүнийг ойролцоо байсан Оросын өөр нэг хөлөг онгоцонд бүрэн шилжүүлэн нүүлгэн шилжүүлсэн байна. Багийн гишүүдээс нэг хүн хөнгөн гэмтсэн тухай эх сурвалж дурджээ.