NBA-ын Голден Стэйт Уорриорз багийн тоглогч асан Барон Дэвис Майкл Жордан, Леброн Жэймс болон Стефен Карри нарын харьцуулалтыг тоглогчдын ур чадвар, тоглолтын хэв маягт тулгуурлан хийх хэрэгтэй гэсэн сонирхолтой байр суурь илэрхийллээ.

Тэрбээр Гилберт Аренасын "Gil's Arena" нэвтрүүлэгт оролцохдоо сагсан бөмбөг сонирхогчид тоглогчдыг яагаад арга барилаар нь ангилж харьцуулдаггүй талаар хөндсөн байна. Дэвис Леброн Жэймсийг Мэжик Жонсонтой, харин Стефен Карриг Майкл Жордантай зүйрлэх нь илүү тохиромжтой хэмээн онцолжээ. Түүний үзэж буйгаар Жордан, Карри нар оноо авах арга барилын хувьд ялгаатай ч аль аль нь довтолгооны хүчирхэг нөлөөгөөрөө тоглолтын хувь заяаг шийддэг ижил чадвартай гэнэ. Жордан агаарт шидэлтээ гүйцэтгэж, цагираг руу хүчтэй довтолдог байсан бол Карри алсын зайн шидэлт, байрлалын хөдөлгөөнөөрөө тоглолтод асар их дарамт үүсгэдэг гэдгийг тэрбээр тайлбарласан юм.

Нэвтрүүлгийн үеэр Гилберт Аренас мөн өөрийн байр сууриа хуваалцсан байна. Тэрбээр орчин үеийн NBA-ын түүх Мэжик Жонсон, Ларри Бөрд, Майкл Жордан гэсэн гурван том дүрээр бүтээгдсэн тул лигийн энэхүү түүхэн өгүүлэмж нь Леброныг Жордантай харьцуулах гол шалтгаан болсон байж магадгүй хэмээн үзжээ. Түүнчлэн Леброн Жэймс лигт хоёр дахь жилдээ (2004-05 оны улирал) тоглохдоо нэг тоглолтод дунджаар 27.2 оноо, 7.4 самбар, 7.2 оновчтой дамжуулалт үзүүлж, Мэжик шиг бүх талын нөлөөтэй атлаа Жорданы түвшний ур чадвартай орж ирсэн гэдгийг сануулсан байна.

Хэрэв Леброныг Мэжик Жонсонтой харьцуулсан бол түүнийг бүх цаг үеийн шилдэг холбон тоглогч, Жорданыг бүх цаг үеийн шилдэг шидэгч хамгаалагч хэмээн ярих байсан гэж Аренас дүгнэжээ. Дэвис ч мөн адил тоглогчдын нийт чансаанаас илүүтэй оноо түүгчдийг оноо түүгчтэй нь, бүх талын чадвартайг нь бүх талын чадвартай тоглогчтой нь харьцуулах нь зөв гэдгийг онцолсон юм.