Америкийн теннисчин Бен Шелтон US Open тэмцээний шигшээд Александр Зверевт ялагдсанаасаа хойш дахин нэг томоохон тэмцээнийг өнжихөөр боллоо. Тэрбээр US Open-ий дараа шууд Чех улсад болсон Davis Cup тэмцээнд АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглосон боловч хоёр ганцаарчилсан тоглолтдоо хожигдож, баг нь тэмцээнээс хасагдсан юм.

Үүний дараа Шелтон Laver Cup тэмцээнд оролцохоос бүрэн татгалзсан бөгөөд түүний оронд нутаг нэгт Брэндон Накашима анх удаагаа тус тэмцээнд оролцсон билээ. Харин энэ удаад тэрбээр өөрийн анхны ATP цомоо хүртэж байсан Токиогийн “Japan Open” тэмцээнд оролцохгүй гэдгээ тэмцээний албан ёсны Инстаграм хуудсаар дамжуулан мэдэгдлээ.

Шелтон уг шийдвэрийг гаргахад амаргүй байсныг онцлоод, энэ тэмцээн түүний карьерын чухал хэсэг байсаар ирснийг дурдсан байна. Тэрбээр биеэ амрааж, сэргэсний дараа Азийн цуврал тэмцээнээ Shanghai Masters-аас эхлүүлэхээр төлөвлөжээ. Өмнө нь 2023 онд уг тэмцээнд түрүүлж, 2024 онд шөвгийн наймд шалгарч байсан тэрбээр өнгөрсөн жил мөрний бэртлийн улмаас өнжиж байсан бол ийнхүү хоёр жил дараалан Токиод тоглохгүй болж байна.

Шелтоныг орлож, US Open тэмцээнд амжилттай тоглосон Америкийн теннисчин Алекс Микельсен үндсэн хүснэгтэд багтахаар боллоо. Шелтон US Open-ий шигшээд хүрснээр дэлхийн чансааны 4-р байранд бичигдэж байгаа бөгөөд энэ улиралд нийт дөрвөн цом хүртээд буй юм.