Дэлхийд алдартай поп дуучин Билли Айлишийн 2024 оны “Hit Me Hard and Soft” цомогт зориулсан аялан тоглолтын үйл явцыг харуулсан “Hit Me Hard and Soft: The Tour (Live)” нэртэй концерт кино удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Уг бүтээл нь наймдугаар сарын 6-ны пүрэв гарагт АНУ-ын Paramount+ стриминг үйлчилгээгээр дамжуулан анх удаа цацагдах юм. Тус кино нь өмнө нь 3D хэлбэрээр кино театруудад нээлтээ хийж байсан бөгөөд Лос-Анжелес хотын "Fox Westwood" театрт болсон нээлтийн үйл ажиллагаанд найруулагч Жеймс Кэмерон, дуучны гэр бүлийнхэн болон түүний хамтрагч Нэт Волфф нар оролцжээ.

Киноны найруулагчаар Билли Айлиш болон нэрт найруулагч Жеймс Кэмерон нар хамтран ажилласан байна. Уг бүтээлд дуучны 2025 онд Манчестер хотод хийсэн дөрвөн удаагийн тоглолтын бичлэг, аялан тоглолтын үеийн тайзны арын үйл явдал болон Жеймс Кэмеронтой хийсэн ярилцлага багтжээ. Түүнчлэн "Bad Guy", "What Was I Made For?" болон "Birds of a Feather" зэрэг түүний алдартай дуунуудын амьд тоглолтууд үзэгчдэд хүрэх юм.

Билли Айлишийн сүүлийн үеийн бие даасан цомог болох "Hit Me Hard and Soft" нь 2024 онд Billboard 200 жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж байсан бөгөөд нийт 114 долоо хоногийн турш тус чартад багтсан амжилт үзүүлээд байна.