Бэлэн мөнгөний хэрэгцээ гарсан биткойн эзэмшигчид өөрсдийн BTC-ээ заавал зарах шаардлагагүйгээр зээлийн барьцаа болгон ашиглах боломж бий. Ингэснээр тэд Биткойны ханшийн өсөлт, уналтын нөлөөллийг хэвээр хадгалахын зэрэгцээ шаардлагатай мөнгөө зээлж чаддаг байна. Гэвч уг үйл явцад хэд хэдэн анхаарах зүйлс болон сүлжээ хоорондын ялгаатай байдал тулгардаг.
Биткойныг өөр сүлжээнд төлөөлүүлэх нь
Олон тооны блокчэйн зээлийн аппликэйшнүүд Ethereum сүлжээ дээр ажилладаг бөгөөд энэхүү сүлжээ нь өөрийн гэсэн эзэмшлийн бүртгэлтэй байдаг. Харин биткойн нь Биткойны өөрийн сүлжээнд бүртгэлтэй тул Ethereum дээрх зээлийн системүүд түүнээс шууд барьцаа болгон татах боломжгүй байдаг аж.
Үүнийг шийдэх нэг арга бол биткойноо аюулгүй хадгалах хадгалагч (custodian) байгууллагад шилжүүлж, оронд нь зээлийн аппликэйшн хүлээн авч болох токен авах юм. Анхны биткойн нь хадгалагч байгууллагад үлдэх бөгөөд шинэ токен нь уг биткойныг өөр сүлжээнд төлөөлдөг. Энэ механизм нь барааг агуулахад хадгалаад оронд нь авсан баримтыг бусдад шилжүүлж болдог зарчимтай төстэй юм.
Шинэ бүтээгдэхүүнүүд ба эрсдэл
Ийм төрлийн үйлчилгээнд зах зээлд аль хэдийн танигдсан WBTC болон Coinbase компанийн cbBTC багтаж буй бөгөөд Circle компани 9 дүгээр сарын 4-нд cirBTC бүтээгдэхүүнийхээ талаар танилцуулжээ. Эдгээр нь бүгд биткойныг хадгалж, түүнд дүйцэх шилжүүлж болох токен гаргах ижил зарчим дээр тулгуурлан өрсөлдөж байна.
Хадгаламжид биткойн байршсаны дараа нөгөө сүлжээнд токен шинээр бий болгохыг "minting" гэдэг бол буцаан биткойноо авахдаа токеныг устгаж (burn) хадгалагчийн журмын дагуу биткойноо суллаж авдаг. Жишээ нь BitGo компанийн тодорхойлсноор WBTC-ийн хувьд баталгаажсан мерчантууд энэ хөрвүүлэлтийг шимтгэлтэйгээр гүйцэтгэдэг байна.
Гэвч энэ зохицуулалт нь биткойн эзэмшигчийг зөвхөн өөрийн хэтэвчнээс биш харин биткойныг хадгалж буй компани, түүнийг буцаан авах дүрэм, токены үнэ болон зээлийг зохицуулж буй ухаалаг гэрээ (smart contract)-нээс хамааралтай болгодог сул талтай. Токен бүр нэг биткойнтой тэнцэх зориулалттай тул энэ нь Биткойны зах зээлийн ханшийн уналтаас хамгаалахгүй бөгөөд эргүүлэн авах явцад гарах хязгаарлалт, саатал нь эрсдэл дагуулж магадгүй юм.