Хэсэг судлаачид Биткойныг квант компьютерын аюулаас хамгаалахад зориулсан SHRINCS цахим гарын үсгийн схемийн 131 хуудас бүхий аюулгүй байдлын шинжилгээг танилцууллаа. Судлаач Михаил Кудинов уг судалгааны анхны хувилбарыг олон нийтэд дэлгэж, крипто нийгэмлэгийг гарч болзошгүй алдаа дутагдлыг хамтран шалгахыг хүссэн байна.

Арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөр огноолсон уг шинжилгээнд SHRINCS-ийн сонгодог аюулгүй байдлын түвшнийг 121.4-өөс 122.7 бит гэж тооцоолжээ. Гэхдээ эдгээр тооцоолол нь одоогоор батлагдаагүй гурван таамаглал дээр тулгуурлаж байгаа аж. Судалгааны баг SM-DSPR шинж чанарын шинэ шинжилгээ болон квант халдлагын эсрэг хязгаарыг сайжруулахаар үргэлжлүүлэн ажиллаж байна.

SHRINCS хэрхэн ажилладаг вэ?

Өнөөгийн Биткойны ашигладаг эллиптик муруйн математикаас ялгаатай нь SHRINCS нь хэш функцэд суурилсан хамгаалалттай. Энэ нь нэг түлхүүр дор хоёр бүтцийг хослуулдаг: төлөвт суурилсан FXMSS (WOTS+C-тэй) болон төлөв хадгалдаггүй SLH-DSA нөөц хувилбар юм.

Гэвч үүний гол сул тал нь гарын үсгийн хэмжээ юм. Өнөөдөр Биткойнд ашиглагддаг Schnorr гарын үсэг 64 байт, ECDSA нь 71 байт орчим байдаг бол SHRINCS-ийн төлөвт гарын үсэг 548-аас 4,619 байт, нөөц хувилбар нь 5,777 байт хүрдэг. Гарын үсгийн хэмжээ томорсноор нэг блокт багтах гүйлгээний тоо эрс цөөрөх эрсдэлтэй.

Төлөвт гарын үсгийн эрсдэл

Хэмжээний хувьд авсаархан төлөвт хувилбар нь нэг удаагийн түлхүүр ашигладаг учир хэтэвч санамсаргүйгээр нэг түлхүүрийг давтан ашиглавал халдагч гарын үсгийг дуурайлган үйлдэж, хөрөнгийг хулгайлах аюултай. Тиймээс хэтэвч бүр түлхүүрийн төлөвийг алдаагүй бүртгэх үүрэгтэй болно.

Blockstream компанийн судалгааны захирал Йонас Ник хэлэхдээ, төлөвийн тоолуур эрсдэлд орж болзошгүй тохиолдолд хэтэвч автоматаар нөөц хувилбар руу шилждэг байх ёстойг анхааруулжээ. Мөн тэрээр том хэмжээтэй гарын үсэг сүлжээнд дарамт учруулж, нэг блокт цөөн гүйлгээ багтах нь Биткойны үнэ цэнийн үндэс суурийг өөрчилж болзошгүй гэж үзэж байна.

Судлаачид уг шинжилгээг хангалттай шалгагдаж дуусаагүй (peer reviewed) гэдгийг онцолж, алдаа байх магадлалтай тул шууд нэвтрүүлэх үндэслэл болгохгүй байхыг сануулжээ.