Криптовалютын зах зээлд сөрөг мэдээллүүд хөвөрч байгаа хэдий ч Биткойны ханш өсөлттэй байна. Тодруулбал, АНУ-ын криптовалютын зах зээлийн бүтцийн тухай хуулийн хэлэлцүүлэг есдүгээр сар хүртэл хойшилж, алдартай Coldcard түрийвчүүдэд томоохон халдлага гарсан зэрэг нь зах зээлд тодорхойгүй байдлыг үүсгээд байв. Гэсэн хэдий ч Биткойны үнэ баасан гарагт 65,170 ам.доллароос дээш арилжаалагдаж, өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад бараг 4 хувиар өссөн байна.

Канадын Coinkite компанийн бүтээсэн Coldcard тоног төхөөрөмжийн түрийвчүүдэд гарсан програм хангамжийн эмзэг байдлаас болж хакерууд хэрэглэгчдийн хөрөнгийг хулгайлж эхэлжээ. Зарим тооцооллоор алдагдсан Биткойны хэмжээ 130 сая ам.доллароос давсан гэж үзэж байна. Энэхүү халдлага нь хүйтэн түрийвч буюу интернетэд холбогдоогүй хадгалах шийдлийг илүүд үздэг Биткойны нийгэмлэгийг цочроож, олон хөрөнгө оруулагчид хөрөнгөө өөр газар, тэр дундаа биржүүд рүү шилжүүлж эхэлжээ. Програм хангамжийн доголдлын улмаас халдагчид сул нууц түлхүүрүүдийг таамаглах боломжтой болсон байна.

Хөрөнгө оруулагчдын идэвх

Сөрөг мэдээллүүд үл хамааран хөрөнгө оруулагчид биржийн арилжааны сангууд (ETF) худалдан авсаар байна. Farside Investors-ийн мэдээллээр энэ долоо хоногийн эхнээс хойш BlackRock-ийн iShares Bitcoin Trust болон Morgan Stanley-ийн санд 763.6 сая ам.долларын шинэ хөрөнгө орж иржээ. Fidelity болон Grayscale зэрэг томоохон хөрөнгө оруулалтын менежерүүдийн удирддаг эдгээр сангууд Биткойны ханшид эергээр нөлөөлдөг байна.

Bloomberg Intelligence-ийн ахлах шинжээч Эрик Балчунас хэлэхдээ, хөрөнгө оруулагчид Coldcard-ийн халдлагаас үүдэн хөрөнгөө илүү найдвартай гэж үзэж буй эдгээр сангууд руу шилжүүлж байх магадлалтайг онцолжээ.