Хөхний хавдрын судалгаа болон эмчилгээний зардалд зориулан хөрөнгө босгох зорилгоор хөгжмийн салбарын томоохон одод нэгдэж, ховор нандин дурсгалын зүйлсээ дуудлага худалдаанд гаргаж байна.
Энэхүү хандивын аян нь City of Hope байгууллагын жил бүр зохион байгуулдаг “Spirit of Life” ёслолын хүрээнд өрнөж байгаа юм. Энэ удаагийн ёслол “Primary Wave” компанийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Ларри Местелд хүндэтгэл үзүүлэх зорилготой бөгөөд тасалбар нь бүрэн зарагдсан тул олон нийтэд зориулан “Fandiem” болон “Julien’s Auctions” талбараар дамжуулан онлайн дуудлага худалдааг эхлүүлжээ.
Дуудлага худалдаанд Боб Дилан, Жон Мелленкамп, Сэмми Хагар, Билли Жоэл нарын зэрэг уран бүтээлчдийн бүтээлүүд болон ховор эд зүйлс багтсан байна. Тухайлбал, “Fandiem Relics” сайтаар дамжуулан Сара Маклахланы “Angel”, Жон Мелленкампын “Small Town” болон “REO Speedwagon” хамтлагийн Кевин Кронины “Keep on Loving You” дуунуудын гараар бичсэн эх шүлгүүдэд үнэ хаяж эхэлжээ. Мөн Шведийн металл хамтлаг Sabaton-той 11 дүгээр сарын 12-нд Лос-Анжелес хотноо тайзны ард уулзах эрхийн сугалааг санал болгож байна.
Түүнчлэн 10 дугаар сарын 23-наас эхлэн “Julien’s Auctions” дээр Билли Жоэлийн гарын үсэгтэй замын тэмдэг, Боб Диланы уран зураг, Ицхак Перлманы тоглож байсан хийл хөгжим зэрэг ховор зүйлс дуудлага худалдаанд орох юм.
Хөгжим, кино, энтертайнмент салбарынхнаас бүрдсэн MFEI зөвлөл нь 1973 онд байгуулагдсанаасаа хойш хавдрын судалгаа, эмчилгээнд зориулж нийт 180 сая гаруй ам.доллар цуглуулжээ. Энэ жилийн “Spirit of Life” үндсэн арга хэмжээ 10 дугаар сарын 27-нд Лос-Анжелес хотын “Pacific Design Center”-т болох бөгөөд Мелисса Этериж, Стиви Никс, Жексон Браун нар ая дуугаа өргөх юм.