Саудын Арабын Хөрөнгө оруулалтын сан (PIF) санхүүжилтээ татсанаар LIV Golf лиг хүнд байдалд орж, улмаар хөрөнгөө татан буулгахаар шийдвэрлэсэн юм. Энэхүү лиг түүх болон үлдэж буй энэ үед мэжор тэмцээний хошой аварга, 33 настай гольфчин Брайсон ДеШамбо ирээдүйн төлөвлөгөөгөө танилцууллаа.

Business Wire-ийн мэдээлснээр, тэрээр Калифорни мужийн Кловис дахь төрсөн нутагтаа The Orchard Golf Club нэртэй томоохон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байна. Энэхүү төсөл нь өндөр зэрэглэлийн гольф, орон сууцны хороолол, хөдөө аж ахуй болон олон нийтэд чиглэсэн үйлчилгээг хослуулах зорилготой аж. Тэрээр уг төслийг хэрэгжүүлэхээр түүхэн Макфарлейн эдлэнг (McFarlane Ranch) худалдан авсан бөгөөд Калифорнийн Төв хөндийн томоохон хөгжүүлэгч Cook Land Company уг төслийг удирдахаар болжээ.

ДеШамбо уг төслийн санааг анх 2022 онд гаргаж, Кловис хот болон Фресно тойргийн удирдлагуудтай хамтран ажиллаж иржээ. Төслийн хүрээнд 18 нүхтэй тэмцээний стандарт бүхий талбай, бэлтгэлийн байгууламж, орон сууц, клуб хаус болон нийтэд нээлттэй фермерүүдийн зах баригдахаар тусгагдсан байна. Мөн орон нутгийн хүүхдүүд болон сургуулиудад гольф тоглох боломжийг олгох байгууламжууд багтах ажээ.

Одоогоор төслийн нийт талбайн хэмжээ, тооцоолсон хөрөнгө оруулалт, барилгын ажил эхлэх болон дуусах хугацаа тодорхойгүй байна. Мөн талбайн архитектур, орон сууцны тоо, гишүүнчлэлийн бүтэц, төлбөр, түүнчлэн гольфын талбай нь өөрөө нийтэд нээлттэй байх эсэх нь хараахан зарлагдаагүй байна.

Нөгөөтэйгүүр, түүний өрсөлдөгчдийн нэг болох дэлхийн хоёрдугаарт эрэмбэлэгддэг Рори Макилрой нь ДеШамбог DP World Tour-т олон нийтийн анхаарлыг татна гэж үзэж байгаагаа илэрхийлснээр ДеШамбод тус аялан тоглолтод оролцох үүд хаалга нээгдэж байх шиг байна.