Үргэлж тайван, буурь суурьтай тоглолтоороо танигдсан WNBA-ийн од Брианна Стюарт “Нью-Йорк Либерти” болон “Атланта Дрийм” багуудын хооронд болсон тоглолтын дөрөвдүгээр үед сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй техникийн алдаа авлаа. Энэ нь түүний хувьд 2017 оноос хойш буюу сүүлийн есөн жилд аваагүй анхны техникийн алдаа болсон юм.
Тоглолтын үндсэн цаг дуусахад 1 минут 57 секунд үлдээд байх үед Стюарт довтолгоо хийхээр самбар луу орох үед Атлантагийн тоглогч Энжел Риз хамгаалжээ. Энэ үеэр Риз түүний гарт хүрсэн байж болзошгүй гэж тайлбарлагчид дурдсан байна. Гэвч шүүгчид алдаа үлээгээгүй бөгөөд дараагийн бөмбөг эзэмшилт дээр Стюарт өөрөө хувийн алдаа авчээ. Үүнд бухимдсан 32 настай тоглогч шүүгч рүү очин, хөлөө дэвслэн эсэргүүцлээ илэрхийлснээр ийнхүү торгуулсан байна.
Уг тоглолтод “Нью-Йорк Либерти” баг өрсөлдөгчдөө 95-84 харьцаатай хожигдож, гурван дараалсан ялалтын цуврал нь зогслоо. Ингэснээр тэд плей-оффын шатаа талбайн гаднаас эхлүүлэх нь тодорхой болов. Стюарт энэ тоглолтод 27 оноо, 14 самбар авч гайхалтай тоглолт үзүүлсэн төдийгүй түүний багийн анд Жонкуэл Жонс 18 оноо, 12 самбар нэмэрлэсэн ч хожилд хүрэхэд хангалтгүй байлаа.
Стюарт энэ улиралд дунджаар 20.7 оноо, 8.1 самбар, 3.2 оновчтой дамжуулалт дунджилж байгаа бөгөөд өмнөх тоглолтод WNBA-ийн түүхэн дэх бүх цаг үеийн онооны жагсаалтын 8-р байрт бичигдээд байгаа юм.