Британийн Фонографийн Институт (BPI)-ээс гаргасан шинэ мэдээллээр, Британийн хөгжмийн экспортын нийт орлого 2025 онд 800.3 сая фунт стерлинг (1.7 тэрбум ам.доллар)-д хүрч, түүхэн дээд амжилтыг тогтоожээ. Энэ нь 2020 оноос хойш тус байгууллагын хөтөлж буй статистик мэдээллийн хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд таван жилийн өмнөх 533 сая фунт стерлингийн дүнгээс 50 хувиар өссөн үзүүлэлт юм.

Экспортын өсөлтийн хурд өмнөх жилээс 0.8 хувиар удааширсан ч BPI-ийн зүгээс шинэ үеийн уран бүтээлчид төрөн гарч байгаа нь Британийн хөгжмийн салбарын олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар бэхжиж байгааг харуулж байна гэж дүгнэжээ. Энэхүү амжилтад Оливиа Дин, Лола Янг, ПинкПантересс зэрэг уран бүтээлчид гол хувь нэмэр оруулсан байна.

Оливиа Диний хувьд 2025 оны хоёрдугаар хагаст амжилт нь огцом өсөж, "Man I Need" дуу нь Billboard Hot 100 чартын эхний 10-т багтсан бол түүний хоёр дахь цомог болох "The Art of Loving" нь Billboard 200 чартын 8-р байранд оржээ. Түүнчлэн 2026 онд Сэм Фендер, Лола Янг, ПинкПантересс, Майлз Смит, Сиенна Спиро болон Дэйв нар Billboard Hot 100 чартад анх удаагаа нэрээ гаргаад байна.

АНУ нь Британийн хөгжмийн хувьд хамгийн том гадаад зах зээл хэвээр байгаа бөгөөд нийт экспортын орлогын 40 гаруй хувийг буюу 328 сая фунт стерлингийг бүрдүүлжээ. Luminate-ийн тайланд дурдсанаар, 2025 онд 67 Британи уран бүтээлч дэлхий даяар тус бүр 1 тэрбум гаруй удаа сонсогдсон байна. Coldplay, Эд Ширан, Дуа Липа зэрэг алдартай уран бүтээлчдээс гадна Central Cee-ийн "Can’t Rush Greatness" цомог нь Британийн рэп уран бүтээлчийн цомог Billboard 200-ийн эхний 10-т багтсан анхны тохиолдол болжээ.

BPI-ийн гүйцэтгэх захирал, доктор Жо Твист хэлэхдээ, олон улсын зах зээлд шинэ уран бүтээлчийг таниулах нь улам бүр хүндрэлтэй болж байгааг онцлоод, хөгжмийн салбарын экспорт болон худалдааг дэмжих санаачилгууд чухал болохыг дурдлаа.