Лос-Анжелес Лэйкерс багийн үндсэн бүрэлдэхүүний 15 орон тоонд одоогоор 16 тоглогч баталгаатай гэрээтэй байгаа тул нэг тоглогчийг явуулах шаардлага үүсээд байна. Багийн ерөнхий менежер Роб Пелинка бэлтгэлийн цугларалт болон улирлын өмнөх тоглолтууд хэн үлдэхийг шийдэхэд тусална гэж мэдэгдсэн бөгөөд уг эцсийн шийдвэрийг 10-р сарын 21-нд Голден Стэйт багтай хийх тоглолтоос өмнө гаргах ёстой аж.
Энэхүү шийдвэрийн хүрээнд 21 настай хамгаалагч Бронни Жэймсийг солилцоонд оруулах эсвэл чөлөөлөх магадлалтай нэрсийн дунд дурдаж эхэлжээ. Түүний эцэг Леброн Жэймс багаас явсны дараа дасгалжуулагчид түүнтэй өөрөөр харьцаж байгааг Бронни дурдсан байна. Түүний хувьд 2.3 сая ам.долларын бүрэн баталгаажсан гэрээтэй хэдий ч энэ нь түүнийг хасагдах эрсдэлээс бүрэн хамгаалахгүй байгаа юм.
Дасгалжуулагчийн зүгээс тавьсан шаардлага
Багийн ахлах дасгалжуулагч Жэй Жэй Редик болон түүний багийнхан Броннид талбай дээр юу хийх ёстойг тодорхой зааж өгчээ. Тэд Бронниг бөмбөг авах бүрд талбайн бүтэн шахалт хийж хамгаалах дадал бий болгохыг, мөн довтолгоонд бөмбөг эзэмшигчийн үүрэг гүйцэтгэхийг шаардсан байна.
Бронни бэлтгэлийн дараа өгсөн ярилцлагадаа: “Тэд хамгаалалтын мэдрэмж дээр тулгуурлан талбайн бүтэн шахалт хийхийг чухалчилж байгаа. Бид оноо авах бүрд би талбайг бүтэн шахаж хамгаалж байна” хэмээн ярьжээ. Түүнчлэн холбон тоглогчийн хувьд багийнхнаа зөв байрлалд оруулах, зохион байгуулах зэрэг манлайллын ур чадвар дээрээ түлхүү ажиллаж байгаагаа тэрээр онцолсон юм.