Америкийн алдартай дуучин, ая зохиогч Брэнди Карлайл өөрийн сошиал хуудсаараа дамжуулан Их Британи болон Европын орнуудад хийхээр төлөвлөж байсан аялан тоглолтоо хойшлуулж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр энэхүү шийдвэрээ "хувийн шалтгаан" хэмээн тайлбарласан байна.
Анх аравдугаар сард эхлэхээр товлогдоод байсан уг аялан тоглолт 2027 оны гуравдугаар сар хүртэл хойшлогдлоо. Дуучин бүсгүй энэ талаар "Энэхүү шийдвэрийг гаргахдаа маш их сэтгэл зовж байлаа. Ялангуяа олон улсаас аялан ирэхээр төлөвлөж байсан үзэгчдэд маань энэ нь хүндрэлтэй, урам хугалам зүйл болж байгааг ойлгож байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрээр аялан тоглолтоо хойшлуулахаас зайлсхийхийн тулд бүх хүчээ дайчилсан ч ийм шийдвэр гаргахаас өөр аргагүйд хүрсэн гэдгээ илэрхийлсэн юм.
Энэхүү өөрчлөлтийн хүрээнд Лиссабон хотод болох байсан тоглолт бүрмөсөн цуцлагдаж, тасалбар эзэмшигчдэд мөнгийг нь буцаан олгохоор болжээ. Мөн Английн Вулверхэмптон болон Копенгаген хотуудад шинэ тоглолтын товыг нэмж зарласан байна. Тоглолтын байршил өөрчлөгдсөн тохиолдолд тасалбар эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох эсвэл шинэ тоглолтын тасалбарыг тэргүүн ээлжид худалдан авах боломжийг олгох ажээ.
Брэнди Карлайл нь Америкийн "Americana" урсгалын хамгийн их амжилттай яваа уран бүтээлчдийн нэг бөгөөд олон удаагийн Грэммийн шагнал хүртсэн нэгэн юм. Тэрээр 2025 оны аравдугаар сард гаргасан найм дахь студийн цомог болох "Returning to Myself"-ийг сурталчлах аялан тоглолтоо хийж байгаа билээ. Энэхүү хойшлуулалт нь ирэх долоо хоногт Мэйн мужаас эхлэхээр төлөвлөгдсөн АНУ-ын аялан тоглолтын хуваарьт нөлөөлөхгүй гэдгийг албаныхан мэдэгдлээ.