Америкийн иргэний эрх чөлөөний холбоо (ACLU) нь урлаг, спорт, шинжлэх ухаан болон бизнесийн салбарт иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Брюс Спрингстин болон Колин Каперник нарыг "Ральф Эллисон" шагналаар шагнажээ. Шагнал гардуулах ёслол Вашингтон хотноо болж, жүжигчин Лаверн Кокс хөтлөн явуулсан байна.
Колин Каперник нь NFL-ийн буюу Америкийн хөлбөмбөгийн лигийн тоглогч байсан бөгөөд 10 жилийн өмнө цагдаагийн хүчирхийлэл болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцлийн хүрээнд төрийн дуулал эгшиглэх үеэр өвдөглөн сууж эсэргүүцлээ илэрхийлж байсан билээ. Түүний энэхүү алхам нь тухайн үед улс төрчид болон багийн эздийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж байв.
Шагнал гардуулах ёслолын үеэр Колин Каперник хэлсэн үгэндээ: "Бидний иргэний эрх чөлөө халдлагад өртөж байгааг бид мэднэ. Бид өнгөрсөн үеэ эргэн харахад түүхийн чиг хандлагыг өөрчлөх зүйл нь зөвхөн хэлсэн үг биш байх болно. Харин бид сургууль бүтээн босгох уу, эсвэл бусдын эрхийг хамгаалах уу гэдэг шийдвэрээс бүх зүйл шалтгаална" хэмээн онцолжээ. ACLU-ийн ерөнхийлөгч Дебора Арчер түүнийг өөрийн карьераа золиосолж, олон нийтийн дайралт, шүүмжлэлийг үл ажран тайван замаар тэмцлээ үргэлжлүүлсэн хэмээн үнэлсэн байна.
Нэрт дуучин, хөгжимчин Брюс Спрингстин нь ёслолын төгсгөлд "Streets of Minneapolis" дуугаа дуулж ая барьсан бөгөөд түүний энэхүү тоглолтыг YouTube сувгаар нь дамжуулжээ. Тус холбоо нь нийгмийн шударга ёсны төлөө дуу хоолойгоо хүргэж буй алдартнуудын үйл ажиллагааг дэмжиж, иргэний эрхийг хамгаалах тэмцэлд тэдний оролцоо чухал болохыг онцолсон байна.