Америкийн рок хөгжмийн нэрт төлөөлөгч Брюс Спрингстин өөрийн сүүлийн үеийн улс төрийн өнгө аястай уран бүтээл болон аялан тоглолтынхоо талаар “Rolling Stone” сэтгүүлд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрбээр “Land of Hope and Dreams” нэртэй аялан тоглолтынхоо цаад зорилго, үзэл бодлоосоо болж үзэгчдээс шүүмжлэл хүртэх эсвэл зарим сонсогчдоо алдахаас эмээхгүй байгаагаа онцолсон байна.
Спрингстин “Би одоо хөгширсөн, өөрийн хүссэн зүйлээ л хийдэг. Энэ бол миний бүтээхийг, өгүүлэхийг хүссэн түүх байсан” хэмээн ярьжээ. Энэхүү үзэл санаа нь түүний АНУ дахь 20 удаагийн тоглолтын гол цөм байсан бөгөөд уг цуврал 3-р сарын 31-нд Миннеаполисоос эхэлж, 5-р сарын 30-нд Филадельфид өндөрлөсөн байна. Уг тоглолтууд нь түүний 1-р сард цацсан “Streets in Minneapolis” эсэргүүцлийн дууны дараа зохион байгуулагджээ.
Улс төрийн өнгө аястай хөтөлбөр
Тоглолтын хөтөлбөрт түүний улс төрийн утга агуулга бүхий бүтээлүүд голлосон байна. Тэрбээр “Born in the U.S.A.”, “Death to My Hometown”, “Long Walk Home”, “Youngstown” зэрэг дуунуудаа дуулснаас гадна концертоо Эдвин Старрын “War” дуугаар эхлүүлж, Боб Диланы “Chimes of Freedom”-оор өндөрлүүлжээ. Мөн тэрбээр тоглолтын үеэр Трампын засаг захиргааг шүүмжилсэн үг хэлсэн юм.
Спрингстин хэнийг ч ятгах гэж оролдоогүй бөгөөд уг аялан тоглолт нь түүний он удаан жилийн уран бүтээлийг өнөөгийн улс төрийн уур амьсгалтай холбох боломж олгосон гэж тайлбарлажээ. Түүнчлэн Дональд Трампыг дэмжигч сонсогчдоо алдах эрсдэлийн талаар асуухад тэрбээр огтхон ч харамсахгүй байгаагаа илэрхийлж, ажлынхаа замналыг хүссэн бүтээлээ хийж, түүнд тохирох сонсогчдоо олоход зориулсан хэмээн хариулсан байна.
Тэрбээр удахгүй болох завсрын сонгуулиар Ардчилсан нам Сенат болон Төлөөлөгчдийн танхимд хяналтаа эргүүлэн авна гэж найдаж байгаагаа хуваалцсан бөгөөд сонгуулиас өмнө ирэх сард Вашингтон хотод Том Мореллотой хамтран тоглолт хийхээр төлөвлөжээ. Үүний зэрэгцээ тэрбээр “Land of Hope and Dreams” тоглолтынхоо концертын киног хэсэгчлэн хүргэхээр ажиллаж байна.