Бутан улс өөрийн Gelephu Mindfulness City (GMC) төслийн хүрээнд эзэмшиж буй биткойны нөөцийг удирдуулахаар Канадын дижитал хөрөнгийн менежментийн томоохон компани болох 3iQ Corp-той хамтран ажиллахаар болжээ.
Канадын хамгийн том бөгөөд ууган дижитал хөрөнгийн сангийн менежер болох 3iQ нь GMC төслийг хэрэгжүүлэхэд зориулан амласан 10,000 биткойныг удирдах юм. Үүнээс гадна тус компани нь Gelephu бүс нутагт урт хугацааны туршид байршиж, орон нутгийн авьяаслаг залуусыг дэмжих, чадавхжуулах чиглэлээр хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Энэхүү бүс нутгийг Бутаны оффшор дижитал санхүүгийн төв болгон хөгжүүлэх зорилготой байгаа юм.
Шинэ эдийн засгийн төв
Бутан улс 2019 оноос хойш биткойн олборлож эхэлсэн бөгөөд 2024 онд өөрийн эзэмшлийн биткойны нөөцтэй гэдгээ албан ёсоор зарласан. 2025 оны нэгдүгээр сард тус улс балансдаа бусад төрлийн криптовалютуудыг ч мөн хадгалахаа мэдэгдсэн билээ. GMC төслийг анх 2023 онд зарласан бөгөөд энэ нь Бутаны өмнөд хэсэгт байгуулагдах, сэтгэлгээний эрүүл мэнд, тогтвортой байдал, инновацид суурилсан дэлхийн жишигт нийцсэн эдийн засгийн төв байх юм.
Бутан улсын энэхүү алхам нь эдийн засгаа усан цахилгаан станц болон аялал жуулчлалаас хэт хамааралтай байдлаас төрөлжүүлэх өргөн хүрээний бодлогын нэг хэсэг юм. Энэхүү төлөвлөгөө нь Сальвадор улсын хэрэгжүүлж буй крипто төсөлтэй төстэй бөгөөд тус улс 2021 онд биткойноор баталгаажсан бондын тусламжтайгаар "Биткойн хот" байгуулах төлөвлөгөөгөө танилцуулж байсан билээ.
3iQ компанийн захирал бөгөөд гүйцэтгэх захирал Паскаль Сент-Жан хэлэхдээ, тэд анхнаасаа л Бутаны соёлын үнэт зүйлс болон байгаль орчны зарчмуудыг дээдэлсэн, дэлхийн авьяастнуудыг татах эдийн засгийн төв байгуулах GMC-ийн алсын хараатай нэгдмэл байсан гэв. Харин GMC-ийн Удирдах зөвлөлийн захирал Жигдрэл Сингай тус компанийг сонгох болсон шалтгаанаа тэдний институцийн туршлагаас гадна орон нутгийн чадавхыг бэхжүүлэх, мэдлэг дамжуулах чин хүсэл эрмэлзэлтэй нь холбон тайлбарлалаа.