Өнөө үед бид бүх зүйлийг оновчтой болгох (optimization) гэж хэт их хичээх болжээ. LinkedIn-ээр ороход л "Бизнес эхлүүлэх 8 энгийн алхам", "Амьдралаа сайжруулах 6 энгийн алхам" гэх мэт зөвлөгөөнүүд тасралтгүй хөвөрч байна. Ийм мэдээлэл өдөр бүр биднийг илүү ихийг хийх ёстой мэт мэдрэмж төрүүлж, сэтгэл санааны ачааллыг нэмэгдүүлж байна.

Энэхүү асуудлыг "Diary of a CEO" подкастын хөтлөгч Стивен Бартлетт саяхан хөндсөн юм. Тэрээр хэдэн хундага дарс ууснаас болж нойр, дасгал сургуулилт, ажлын бүтээмж гээд гурван өдрийнхөө амьдралыг "сүйрүүлсэн" хэмээн ярьжээ. Түүний энэ үг олон нийтийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулсан нь хүмүүс амьдралыг хэтэрхий нарийн төлөвлөж, бүхнийг хэмжиж, оновчтой болгох гэсэн дарамтаас залхаж байгааг харуулж байна.

Оновчтой байх нь үргэлж сайн уу?

Бид нойр, хоол хүнс, усны хэрэглээ, дасгал хөдөлгөөн, стрессийн түвшин гээд бүх зүйлээ ухаалаг төхөөрөмжөөр хянаж, үргэлж хамгийн шилдэг хувилбарыг эрэлхийлдэг болсон. Гэвч энэ нь биднийг амьдралын амтыг мэдрэхээс холдуулж, сэтгэл зүйн хувьд ядаргаанд оруулж байна. Эрүүл мэндийн салбар 2029 он гэхэд 9.8 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байгаа нь бидний энэ чиг хандлагад хэр их анхаарал хандуулж байгааг илтгэнэ.

Нобелийн шагналт эдийн засагч Херберт А. Саймон 1956 онд "Satisficing" буюу сэтгэл ханамжтай байх тухай ойлголтыг гаргаж ирсэн. Тэрээр амьдрал эсвэл бизнест бүх зүйлийг хамгийн оновчтой (optimal) болгох гэж хичээх нь цаг хугацаа, оюуны хүчээ дэмий үрсэн хэрэг гэж үзжээ. 2002 онд сэтгэл судлаач Барри Шварц үүнийг улам дэлгэрүүлж, хүмүүсийг "хамгийн шилдгийг эрэлхийлэгчид" (maximizers) болон "хангалттайг сонгогчид" (satisficers) гэж ангилсан байна. Судалгаагаар, хамгийн шилдгийг эрэлхийлэгчид нь хангалттайг сонгогчидтой харьцуулахад стресс ихтэй, илүү их харамсдаг болох нь тогтоогджээ.

Тиймээс заримдаа "хангалттай сайн" гэдэг нь хамгийн төгс гэж бодсон зүйлээс ч илүү үр дүнтэй байж болох юм.