Грэммийн шагналт дуучин, ая зохиогч Викториа Монет өөрийн дараагийн томоохон уран бүтээлийн эрин үе эхэлж байгааг зарлалаа. Тэрээр 2026 оны аравдугаар сарын 2-нд худалдаанд гарах 'Frequency of Love' нэртэй шинэ цомгийнхоо нээлтийн товыг лхагва гарагт албан ёсоор мэдэгдсэн байна.
Энэхүү шинэ цомгийн сургаар тэрээр 2026 онд гаргаж буй хоёр дахь сингл болох 'Reach Out' дуугаа цацлаа. Уг дууг алдарт продюсер Kaytranada болон D’Mile нар хамтран бүтээжээ. Дууны агуулгын хувьд хуучин хайртай хүнтэйгээ дахин холбогдохыг хүсэж, хоёр талын хоорондох сэтгэлийн хурцадмал байдлыг намжаахыг эрмэлзсэн утгатай юм.
Дууны клипний найруулагчаар Dave Meyers ажиллаж, бүжгийн дэглэлтийг Sean Bankhead хариуцсан байна. 90-ээд оны R&B урсгалаас сэдэвлэсэн уг дүрс бичлэг нь сепиа өнгө аяс болон зоригтой загварын шийдлээрээ онцлог болжээ. Мөн 'Frequency of Love' цомгийн нүүр зурагт дуучин өөрөө алтан гоёл чимэглэл зүүж, нүцгэн байдлаар зургаа авахуулсан байна.
Викториа Монет нь өмнө нь зургадугаар сард гарсан 'Let Me' синглээрээ Adult R&B Airplay чартыг тэргүүлж байсан билээ. Түүний удахгүй гарах шинэ цомог нийт 22 дуунаас бүрдэх юм. Энэ нь 2023 онд гарч, Billboard 200 чартын 60-р байрт бичигдэж байсан 'Jaguar II' цомгийнх нь үргэлжлэл болж байна.
Одоогоор Викториа Монет Бруно Марсын 'The Romantic Tour'-д оролцож, Европын аялан тоглолтоо үргэлжлүүлж байна. Тэрээр ирэх баасан гарагт Лондон хотын Wembley Stadium-ын тайзнаа гарахаар төлөвлөжээ.