Германы хойд хэсэгт орших Доод Саксон мужид бямба гарагт жижиг оврын онгоц орон сууцны байшин мөргөж осолджээ. Бремен хотын ойролцоох Гандеркезе тосгонд болсон энэхүү ослын улмаас хоёр эрэгтэй амиа алдсан байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, ослын газарт аврагчид эхлээд онгоцны дотроос нэг хүний цогцсыг олж гаргажээ. Харин сураггүй болсон хоёр дахь зорчигчийг олохоор яаралтай тусламжийн албаныхан хэдэн цагийн турш эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсэн байна. Улмаар удалгүй хоёр дахь цогцсыг олсон гэж албаны эх сурвалж мэдээлэв.
Уг онгоц осолдохоосоо өмнөхөн Бремен хотоос хөөрсөн гэж таамаглаж байгаа юм. Онгоц орон сууцны бүсэд нисэж байхдаа өндрөө алдаж, улмаар хувийн сууц мөргөсөн байна.