Америкийн мэргэжлийн гольфчин Скотти Шеффлер 2026 оны турш өөрт нь таалагдаагүй асуултуудад нэлээд ширүүн хариулт өгч, олны анхаарлыг татсаар байна. Тэрээр саяхан болсон Presidents Cup тэмцээний үеэр Нико Эчаварриаг 2&1 харьцаагаар буулган авсныхаа дараа NBC сувгийн сэтгүүлч Кара Бэнкстэй ярилцжээ.
Энэхүү ярилцлагын үеэр сэтгүүлч түүний ялалтыг дурдахаас өмнө бямба гаргийн тоглолтод сэлгээнд суусныг нь онцолж асуусан байна. Энэ үед Шеффлер бага зэрэг инээмсэглэн, "Өнөөдрийн тоглолтын талаар ярих уу?" хэмээн хариулж, нөхцөл байдлыг эвгүй болгожээ.
Гольфын сэтгүүлч, шинжээч Алан Шипнак энэ талаар YouTube-ийн "Dan on Golf" нэвтрүүлэгт ярихдаа Шеффлерийг уг долоо хоногт сайн тоглож, АНУ-ын багийн ялалтад чухал хувь нэмэр оруулсан хэрнээ сэтгэл дундуур, таагүй ааштай байсан нь тохиромжгүй буюу "discordant" санагдсаныг онцолсон байна. Шипнак түүнийг "Харанхуйн баатар" (Dark Knight) шиг болж, ууртай тоглодог Бейсболын тамирчин Жастин Верландертай зүйрлэсэн бөгөөд энэ хандлага нь түүнд ямар нэг байдлаар үр дүнгээ өгч байгааг дурджээ.
Угтаа Шеффлер хэвлэлийн хурал дээр хүнд нөхцөл байдлыг бусдаас илүү тэвчээртэй давдаг гэдгээрээ танигдсан нэгэн юм. Гэвч энэ онд түүний хариултууд хүлээлтээс өөр байв. Тухайлбал, дөрөвдүгээр сард болсон Masters тэмцээний гурав дахь тойргийн дараа сэтгүүлч Жейсон Собел түүнээс ямар байж болох байсан талаар асуухад Шеффлер "Энэ үнэхээр аймшигтай асуулт байна. Дараагийн асуулт" хэмээн хариулж байжээ.
Мөн гуравдугаар сарын The Players тэмцээн болон өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын Hero World Challenge дээр ч тэрээр сэтгүүлчдийн асуултад эргүүлэн асуултаар хариулах зэргээр эрс ширүүн хандаж байсан юм. Гэхдээ тэрээр өнөөг хүртэл сэтгүүлчдэд дургүйцсэн ямар нэгэн тайлбарыг олон нийтэд албан ёсоор хийгээгүй байна.