Америкийн залуу поп од Грейси Абрамс өөрийн гурав дахь студийн цомог болох «Daughter From Hell»-ийг гаргасны дараа Billboard 200 чартыг анх удаа тэргүүлж, түүхэн амжилт үзүүллээ. Энэхүү амжилтынхаа талаар дуучин бүсгүй өөрийн Instagram хуудсаараа дамжуулан "Энэ бол үнэхээр галзуу зүйл, бүх зүйл та нарын хүчээр бүтлээ" хэмээн талархлаа илэрхийлжээ.
Luminate байгууллагын мэдээлснээр, тус цомог АНУ-д худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 124,000 хувьтай тэнцэх үзүүлэлт бүртгүүлсэн байна. Грейси Абрамс нь өмнө нь 2023 онд «Good Riddance» цомгоороо Billboard 200 чартад анх удаа орж, 52-р байрт бичигдэж байсан бол дараа жил нь «The Secret of Us» цомгоороо 2-р байрт хүртэл дэвшиж байсан юм.
16 дуунаас бүрдэх уг цомогт тэрээр удаан хугацааны хамтрагч Аарон Десснертэй дахин хамтран ажилласан байна. Мөн цомогт багтсан "Death Wish" дууны утга учир болон хэнд зориулагдсан талаар цахим орчинд олон таамаг гарсан ч Аарон Десснер уг дууг Тейлор Свифтийн тухай биш гэдгийг тодорхой болгожээ. Тэрээр энэ дууг найзынх нь хуучин харилцааны тухай сэдвээр бичигдсэн хэмээн тайлбарласан байна.
Грейси Абрамс удахгүй Хойд Америк болон Европ даяар үргэлжлэх арена аялан тоглолтоо эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ оны 12 дугаар сараас эхлэн шүтэн бишрэгчидтэйгээ уулзах юм.