Грек улсын нийслэл Афин хотын хамгийн алдартай аялал жуулчлалын цэг болох эртний Акрополийн ойролцоо мягмар гарагийн өглөө халдлага гарсан тухай цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Үл танигдах этгээд Акрополийн музейн ойролцоох явган хүний зам дээр явж байсан Грек гаралтай америк хоёр жуулчныг хутгалж гэмтээсэн байна. Гэмт этгээд эрэгтэй, эмэгтэй хоёр жуулчныг хутгалсан бөгөөд халдлагын улмаас эмэгтэй жуулчны хөлөнд хөнгөн гэмтэл учирчээ. Харин эрэгтэй жуулчны гар нь шархадсан тул түүний биеийн байдал илүү хүндэвтэр байгааг цагдаагийн албаныхан онцоллоо.

Хэрэг явдал Акрополийн гол орох хаалганы ойролцоох явган хүний зам дээр болсон байна. Одоогоор гэмт этгээдийн сэдэл болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл үргэлжлүүлэн шалгагдаж байна.