Америкийн дуучин, ая зохиогч Грэйси Абрамс аравдугаар сарын 31-нд цацагдсан «Saturday Night Live» (SNL) шоуны Хэллоуины тусгай дугаарт оролцож, хоёр дуугаа дууллаа. Тэрбээр энэ үеэр найруулагч Баз Лурманны 1996 онд гаргасан «Ромео ба Жульетта» киноны дүрүүдийг амилуулан хувцаслажээ.

Абрамс эхлээд долдугаар сард гаргасан гурав дахь бие даасан цомог «Daughter From Hell»-ийнхоо гол бүтээл болох ‘Hit The Wall’ дуугаа хүргэсэн байна. Энэ үзүүлбэрийн үеэр тэрбээр жүжигчин Клэр Дэйнсийн бүтээсэн Жульеттагийн сахиусан тэнгэрийн өмсгөлийг өмсөж, аквариумын ард зогсон киноны алдартай хэсгийг тайзнаа сэргээсэн юм.

Харин дараа нь дуучин бүсгүй шинээр цацагдсан ‘Here You Come, There You Go’ дуугаа дуулахдаа Леонардо ДиКаприогийн бүтээсэн Ромеогийн дүрд хувирчээ. Тэрбээр дүрийнхээ Хавайн хээтэй цамц болон төмөр ханцуйтай баатрын хувцсыг дуурайн өмссөн байв. Энэхүү дуу нь арваннэгдүгээр сарын 20-нд нэмэлт таван шинэ дуутайгаар гарах «Daughter From Hell» цомгийн өргөтгөсөн (deluxe) хувилбарт багтах аж.

Энэ нь Грэйси Абрамсын хувьд тус шоунд хоёр дахь удаагаа хөгжмийн зочноор уригдсан тохиолдол боллоо. Тэрбээр цаашид 2026–2027 онд үргэлжлэх ‘The Look At My Life Tour’ нэртэй томоохон аялан тоглолтоо арванхоёрдугаар сарын 2-нд Денвер хотоос эхлүүлэхээр төлөвлөж байна.