АНУ-ын Дуу бичлэгийн академи (Recording Academy) өөрсдийн шинээр үүсгэсэн "Азийн поп хөгжмийн шилдэг үзүүлбэр" (Best Asian pop music performance) номинацыг тойрсон асуудлаар Азийн поп хөгжмийн салбарын төлөөллүүдтэй хэлэлцүүлэг өрнүүлж байна. Уг номинацыг 2027 оны шагнал гардуулах ёслол гэхэд өөрчлөн шинэчилж магадгүй нөхцөл байдал үүсжээ.

Одоогоор хугацаа тун бага үлдээд байгаа бөгөөд Грэммийн эхний шатны санал хураалт 10 дугаар сарын 12-нд эхэлж, нэр дэвшигчдийг 11 дүгээр сарын 16-нд зарлах хуваарьтай байгаа юм. Тус номинац нь өнгөрсөн 6 дугаар сарын 16-нд зарласан таван шинэ номинацын нэг байв.

Гэвч 7 дугаар сарын 29-нд дэлхийн хамгийн том К-поп болон хөгжмийн хамтлагуудын нэг болох BTS энэхүү шинэ номинацыг эсэргүүцэн, энэ жилийн Грэммийн шагналд бүтээлээ сойхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэд өөрсдийн зурвастаа "Бид энэ жил Грэммид бүтээлээ илгээхгүй байхаар шийдсэн. Хөгжмийг бүс нутаг, хэлээр нь зааглахаас илүүтэй, байгаагаар нь сонсож, хайрлаасай гэж хүсэж байна" хэмээн тайлбарлажээ.

Үүний дараа буюу сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Дуу бичлэгийн академи болон "MusiCares"-ийн гүйцэтгэх захирал Харви Мэйсон (Harvey Mason, Jr.) тэргүүтэй удирдлагууд К-поп, Ж-поп, Си-поп болон Энэтхэгийн хөгжмийн салбарын уран бүтээлчид, дуу бичлэгийн шошго, менежерүүд, тэр дундаа Өмнөд Солонгосын HYBE агентлагтай тогтмол яриа хэлэлцээ хийсэн байна.

Одоо тус академи бүрэн бүрэлдэхүүнээрээ болон Шагнал гардуулах, нэр дэвшүүлэх хорооны хамтаар уг хөгжмийн хамт олонтой хамтран ажиллаж, Азийн поп номинацын талаар зөвлөгөө авч байна. Энэ нь эхний шатны шагнал гардуулах мөчлөгт хөгжмийг хүндэтгэлтэй, үнэн зөвөөр үнэлэх, цаашид хэрхэн хамгийн зөв хэлбэрээр алдаршуулахыг тодорхойлох зорилготой аж.

Харви Мэйсон баасан гарагт (8-р сарын 14) хийсэн мэдэгдэлдээ, уран бүтээлчдийг илүү хамруулахыг зорьсон ч зарим уран бүтээлчдэд энэ номинац тэдний бүтээлийг хүссэн хэмжээнд нь төлөөлж чадахгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлснийг ойлгож байгаагаа илэрхийлжээ. Мөн академийн удирдлагууд хөгжмийн салбарынханд үнэхээр сонсогдож, үнэлэгдэж байгаагаа мэдрүүлэхийн тулд хурдан шийдвэр гаргаж ажиллахаа амласан байна.

Үүнээс гадна тус академийн зүгээс шинэ номинаци, шагналуудыг хэрхэн боловсруулдаг үйл явцаа шинэчлэх цаг болсон эсэхийг үнэлж дүгнэхээр болжээ. Академийн төлөөлөгчийн хэлснээр, Грэммийн шагналын ангилал хэдийнэ 100-аас давсан тул цаашид хэрхэн хөгжиж, өөрчлөгдөх талаар авч үзэх цаг нь болсон байна.