Кантри-рок урсгалын төлөөлөгч, талийгаач Грэм Парсонсыг Рок-н-роллын алдрын танхимд нэхэн залах гэж байгаатай холбогдуулан алдартай уран бүтээлчид Лос-Анжелесийн Troubadour тайзнаа 11 дүгээр сарын 11-нд цуглаж, хүндэтгэлийн тоглолт хийхээр болжээ. “A Song for Gram Parsons: Rock & Roll Hall of Fame Induction Celebration” нэртэй уг арга хэмжээ нь албан ёсны ёслолоос гурван өдрийн өмнө болох юм.
Энэхүү тоглолтын гол уран бүтээлчдээр Парсонстой хамтран ажиллаж байсан Эммилу Харрис болон түүний дуунуудыг өмнө нь коверлон дуулж байсан Элвис Костелло нар оролцоно. Түүнчлэн уг тайзнаа Black Crowes, Марго Прайс, Грейс Поттер, The Head and the Heart зэрэг уран бүтээлчид ая дуугаа өргөх бөгөөд Beachwood Sparks хамтлаг үндсэн хөгжмийг нь тоглох аж. Энэхүү арга хэмжээний орлогыг эмэгтэйчүүдэд туслах Friendly House Foundation болон хөгжмийн салбарынханд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үзүүлдэг Backline байгууллагад хандивлана.
Грэм Парсонс нь 1973 оны есдүгээр сард ердөө 26 насандаа тун хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан юм. Тэрээр The Byrds, The Flying Burrito Brothers хамтлагуудад тоглож, бие даасан хоёр цомог гаргаж байсан бөгөөд кантри, R&B, фолк урсгалыг хослуулсан өвөрмөц хэв маягаараа альт-кантри болон кантри-рок урсгалын суурийг тавьсан хэмээн үнэлэгддэг билээ.
Түүнийг Рок-н-роллын алдрын танхимд нэхэн залах ёслол 11 дүгээр сарын 14-нд Лос-Анжелесийн Peacock театрт болох ба Фил Коллинз, Билли Айдол, Iron Maiden, Oasis зэрэг олон хамтлаг, дуучид хамтдаа алдрын танхимд багтаж байна. Уг ёслолыг 12 дугаар сард ABC болон Disney+ сувгаар цацах юм.