АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд (SEC) Tokenized Stock Venue, Perpetuals.com болон крипто бирж OKX зэрэг гурван компани токенжуулсан хувьцааны арилжаа эрхлэх төлөвлөгөөгөө хүргүүлжээ. Тус зохицуулагч байгууллагаас мэдээлснээр, эдгээр компаниуд шинэ дүрмийн хүрээнд токенжуулсан үнэт цаасны талбар ажиллуулахаар зорьж байна.
Үүнээс өмнө крипто бирж OKX нь Intercontinental Exchange-тэй хамтран шинээр гаргах OKXICE платформ дээрээ токенжуулсан үнэт цаасны арилжааг эхлүүлэхээр зохицуулагчид хамгийн түрүүнд хүсэлт гаргасан байгууллага болсон юм. SEC өнгөрсөн есдүгээр сард токенжуулсан хувьцааны арилжааг дэмжих платформуудад таван жилийн чөлөөлөлт (exemption) олгохоо зарлаж байв.
Хувьцааг блокчэйн технологи дээр байршуулснаар арилжаачид 24/7 тасралтгүй арилжаа хийх боломжтой болно гэж дэмжигчид нь үзэж байна. Гэсэн хэдий ч компаниуд жагсаалтад багтсан нь холбогдох бүх шаардлагыг бүрэн хангасан гэсэн үг биш гэдгийг SEC Лхагва гарагт анхаарууллаа.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны үед тус улсын санхүүгийн зохицуулагч крипто салбарыг ихээхэн дэмжих бодлого барьж эхэлжээ. SEC-ийн дарга Пол Аткинс үнэт цаасны хяналтын тогтолцоог блокчэйн болон крипто хөрөнгийн эрин үед нийцүүлэн шинэчлэх, улмаар АНУ-ыг “дэлхийн крипто нийслэл” болгох зорилготой байгаагаа илэрхийлсэн байна.