Холливудын алдартай жүжигчин, “Fifty Shades of Grey” буюу “Саарал өнгийн 50 сүүдэр” киноны гол дүрээрээ олонд танигдсан Дакота Жонсон өөрийн эзэмшлийн тансаг харшийг худалдахаар болсон нь саяхан байв. Лос-Анжелес хотын алдарт Холливуд Хиллс дүүрэгт байрлах, дунд зууны орчин үеийн хэв маягийг шингээсэн энэхүү үзэсгэлэнт байшингаа тэрээр 6 сая ам.доллароор үнэлсэн юм.
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн шинжээчдийн хувьд энэ үнэ өндөрт тооцогдож байсан ч, Дакотагийн харш зах зээлд гарснаас хэдхэн хоногийн дотор худалдан авагч нь гарч иржээ. Одоогоор тус байшин “худалдан авах санал ирсэн” буюу гэрээний шатандаа яваа гэх мэдээлэл байна.
1950-аад оны архитектурын шийдлээр баригдсан энэхүү харш нь ногоон байгууламж, уужим саруул цонхнууд болон тухлаг орчноороо онцлогтой. Жүжигчин бүсгүй өөрөө энэ байшинг маш ихээр хайрладаг байсан бөгөөд олон жилийн турш өөрийн тав тухыг бүрдүүлсэн “онцгой” газар хэмээн тодорхойлж байсан удаатай.
Дакота Жонсон ийнхүү өөрийн үл хөдлөх хөрөнгөө маш богино хугацаанд худалдаж чадсан нь Лос-Анжелесийн тансаг зэрэглэлийн байрны эрэлт хэрэгцээ өндөр хэвээр байгааг харуулж байна. Жүжигчин бүсгүйн дараагийн төлөвлөгөө болон хаашаа нүүх талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.